Үнэтэй AI моодноос гарч, АНУ-ын компаниуд хямд хувилбар руу шилжиж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
WSJ

Суурь ажлуудад хүчирхэг загвар хэрэггүй гэж үзжээ

АНУ-ын компаниуд зардлаа бууруулахын тулд хямд өртөгтэй хиймэл оюуны загваруудыг, тэр дундаа Хятадад боловсруулсан хувилбаруудыг ашиглаж эхэлжээ. The Wall Street Journal-ийн мэдээлснээр, том, жижиг олон компани өдөр тутмын энгийн даалгаварт хамгийн дэвшилтэт AI загвар ашиглах шаардлагагүй гэж үзэж байна.

Програмчлалд зориулсан хиймэл оюуны хэрэгсэл хөгжүүлдэг Cursor стартапын харилцагч хариуцсан захирал Майк Сейкс энэ байдлыг “сүү авах гэж хүнсний дэлгүүр орохдоо уралдааны замд зориулсан Lamborghini унахтай адил” гэж зүйрлэжээ.

Зардлын ялгаа компаниудын сонголтод нөлөөлж байна

WSJ-ийн тэмдэглэснээр, OpenAI болон Anthropic зэрэг АНУ-ын томоохон хөгжүүлэгчид олон жилийн турш хамгийн хүчирхэг AI загвар бүтээж, технологийн өрсөлдөөнд тэргүүлэхийг зорьсон. Гэвч зах зээл дээрх компаниудын бодит хэрэгцээ ихэвчлэн илүү энгийн, хямд хэрэгслүүд рүү чиглэж байна.

Cursor-ийн хийсэн туршилтаар OpenAI-ийн GPT-5.5 ашиглан вэб хөтөчийг эхнээс нь бүтээхэд 10 мянга гаруй ам.долларын зардал гарчээ. Харин Anthropic-ийн Opus 4.8 болон Cursor-ийн Composer хэрэгслийг хослуулбал ижил даалгаврын өртөг 1 400 ам.доллар хүртэл буурсан байна.

Ийм зөрүү нь бизнесүүдийг хамгийн хүчирхэг AI загвар сонгохоос илүү тухайн ажлын шаардлагад тохирсон, өртөг багатай хувилбар ашиглахад түлхэж байна. Үүний улмаас өндөр үнэтэй хиймэл оюуны загваруудын хэрэглээ зарим салбарт буурах хандлагатай болжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй