Зөвшөөрөлгүй байрлуулсан хүүхдийн хөшөөнүүдийг шилжүүлнэ

0 comments
Монос хүнс ХХК С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулан

Нийслэлийн хэд хэдэн байршилд холбогдох зөвшөөрөл авалгүйгээр хүүхдийн дүрс бүхий хөшөө байрлуулсан нь тогтоогджээ. Эдгээр бүтээлийг нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал байрлуулах хүчин төгөлдөр журмыг зөрчсөн гэж үзэн шилжүүлэхээр болсон байна.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөний ойролцоо, мөн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд хүүхдийн хөшөөнүүдийг албан ёсны зөвшөөрөлгүй байршуулжээ. Эдгээр хөшөөг байрлуулахдаа холбогдох шатны байгууллагаас урьдчилан зөвшөөрөл аваагүй байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал, хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Уг журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал шинээр байрлуулах хүсэлтийг байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага болон иргэд холбогдох Комисст албан бичгээр хүргүүлэх ёстой гэж заажээ.

Ирүүлсэн хүсэлтийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх Комисс хэлэлцэж, тухайн хөшөө, дурсгалын загвар болон байршилтай холбоотой саналаа боловсруулдаг байна. Үүний дараа асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, эцсийн шийдвэр гаргуулах зохицуулалттай аж.

Харин дээр дурдсан хүүхдийн хөшөөнүүдийг энэ дараалал, шаардлагыг мөрдөлгүй байршуулсан гэж үзжээ. Иймээс зөвшөөрөлгүйгээр байрлуулсан хөшөөнүүдийг албадан шилжүүлэх тухай мэдэгдлийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй