Волейболын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн есөн жилийн дараа дахин Монгол Улсад болох гэж байна. Манай улс уг тэмцээнийг өмнө нь 2000, 2008, 2015 болон 2017 онуудад нийт дөрвөн удаа амжилттай зохион байгуулж байсан түүхтэй.
Монголын багийн хэсэг ба тоглолтын хуваарь
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын шигшээ баг БНХАУ болон Хонконгийн багуудтай хамт “А” хэсэгт сугалаа тараад байна. Манай багийн хэсгийн тоглолтууд ирэх сарын эхээр дараах хуваарийн дагуу явагдана:
- Ирэх 8 дугаар сарын 5-нд: Монгол — Хонконг
- Ирэх 8 дугаар сарын 7-нд: Монгол — БНХАУ
Дэлхийн топ багуудын шинэ үе өрсөлдөнө
Тэмцээний аваргын цомыг Өмнөд Солонгосын шигшээ баг хамгаалан оролцох бол Япон улс 2019 оноос хойш буюу долоон жилийн дараа дахин энэхүү тэмцээнд эргэн ирж байна.
Волейболын дэлхийн түвшний гүрнүүд болох Япон болон БНХАУ-ын хувьд залуу, ирээдүйтэй “B” зэрэглэлийн тамирчдаа илгээх хүлээлттэй байгаа бол Тайваний баг сүүлийн жилүүдэд бэлтгэл нь эрс сайжирсан хүчирхэг бүрэлдэхүүнтэй ирэх аж. Ингэснээр спорт сонирхогчдын хувьд Азийн шилдэг волейболчдын тоглолтыг эх орондоо дэргэдээс нь үзэх таатай боломж бүрдэж байна.