Зүүн Азийн Супер Лиг буюу “EASL”-ийн 2026-2027 оны шинэ улирлын хэсгийн шатны сугалаа албан ёсоор тодорлоо. Тус лигт Монгол Улсыг төлөөлөн Үндэсний дээд лигийн есөн удаагийн аварга, “BCL Asia East” тэмцээний аварга “Улаанбаатар Хас Бронкос” (Хасын Хүлэгүүд) баг оролцох бөгөөд тэд “А” хэсэгт багтсан байна.
“А” хэсгийн бүрэлдэхүүн ба онцлох тулаан
Шинэ улиралд Азийн шилдэг 12 клуб гурван хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд Монголын баг дараах өрсөлдөгчидтэй таарлаа:
- Улаанбаатар Хас Бронкос (Монгол Улс)
- Алварк Токио (Япон Улс)
- Гоянг Соно Скайганнерс (Өмнөд Солонгос Улс)
- Тайганг Гост Хокс (Тайвань Улс)
Сонирхолтой нь Тайваний “TSG Ghosthawks” багт Монгол Улсын шигшээ багийн тамирчин Д.Баясгалан тоглож байгаа бөгөөд тэрбээр энэ удаад шигшээ багийн хамтрагчдынхаа эсрэг өрсөлдөгчийн дүрээр талбайд гарахаар болж байна.
Энэ улирлын тоглолтууд ирэх сарын 3-ны бямба гарагт Филиппиний Себу хотод албан ёсоор эхэлнэ. Зохион байгуулагчдын зүгээс хэсгийн тоглолтуудын нарийвчилсан хуваарийг ойрын хугацаанд зарлахаар төлөвлөж байгаа аж.
