Холливудын нэрт жүжигчин Кэмерон Диас гурав дахь удаагаа ээж боллоо. Энэхүү баярт мэдээг түүний нөхөр, хөгжимчин Бенжи Мэдден өөрийн Instagram хуудсаараа дамжуулан олон нийтэд дуулгасан байна.
Тэрээр эхнэрээ хүү төрүүлсэн тухай мэдээлээд, шинэ хүндээ Наутас гэх нэр өгснөө дурджээ.
“Кэмерон бид хоёр гурав дахь хүүхэд болох Наутас Мэдден мэндэлснийг зарлаж байгаадаа туйлын баяртай, догдлол дүүрэн байна. Бид өөрсдийгөө үнэхээр ерөөгдсөн мэт мэдэрч байна. Энэ ертөнцөд тавтай морил, хүү минь!” хэмээн Мэдден бичжээ.
Гэхдээ хосууд одоогоор шинээр мэндэлсэн хүүгийнхээ зургийг олон нийтэд харуулаагүй байна.
Кэмерон Диас, Бенжи Мэдден нар 2015 онд гэрлэсэн юм. Жүжигчин бүсгүй 2019 онд анхны хүүхэд болох охин Рэддиксээ өлгийдөн авч байсан бол 2024 оны гуравдугаар сард тэдний хүү Кардинал мэндэлж байв. Хосууд хүүхэдтэй болсон мэдээллээ эхэндээ нууцалж байгаад, тодорхой хугацааны дараа цахим орчинд хуваалцдаг уламжлалтай.

Диас гэр бүл зохиосноосоо хойш кино урлагаас түр хөндийрөөд байгаа билээ. Тэрээр 2024 оны аравдугаар сард болсон “Fortune” сэтгүүлийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалтын үеэр тайлбарлахдаа, гэр бүлдээ бүх анхаарлаа хандуулж, өөрийн дарсны бизнесийг хөгжүүлэхийн тулд Холливудын салбарыг орхисон гэдгээ хэлсэн юм.