Томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зургаа хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр асарч байгаа эцэг, эх, асран хамгаалагчдад ажлын тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгох, эсхүл зайнаас цахимаар ажиллуулах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ.
Уг зохицуулалтыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сар хүртэл мөрдөхөөр төлөвлөж, төсвийн байгууллагын дарга, захирал нарт хэрэгжүүлэхийг даалгасан байна. Харин хувийн хэвшил болон төрийн бус байгууллагын ажил олгогчдод мөн ийм зохицуулалт хэрэгжүүлэхийг уриалжээ.
Өвчлөлийн түвшин сүүлийн гурван жилийн мөн үеэс өндөр байна
Засгийн газрын хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Э.Батшугар томуу, томуу төст өвчний нөхцөл байдал болон сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлж буй хүүхдийн эрт илрүүлгийн талаар мэдээлэл хийсэн байна.
2026 оны тархвар судлалын 39 дүгээр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчний 46.5 тохиолдол 10,000 хүн ам тутамд бүртгэгджээ. Энэ нь сүүлийн гурван жилийн мөн үеийн үзүүлэлтээс өндөр байгаа бөгөөд нийт өвчлөгсдийн 78.3 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.
Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн 60 орчим хувь нь зургаа хүртэлх насны хүүхэд байгаа аж.
281,895 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна
Засгийн газраас 2026 оны аравдугаар сарын 1-нээс цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд түшиглэсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлжээ.
Энэ хүрээнд 3, 6, 11, 15 насны нийт 281,895 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулахаар төлөвлөсөн байна. Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч байгаа аж.
