Японы Токио хотоос хойд зүгт орших Utsunomiya хотын гудамжинд хэд хоног дараалан үзэгдэж, оршин суугчдыг айдаст автуулаад байсан хар баавгайг барих ажиллагаа амжилттай өндөрлөлөө. Энэ талаар BBC агентлаг мэдээлэв.
Зэрлэг амьтныг аюулгүй болгохын тулд малын эмч нар тусгай унтуулагч тариа ашигласан байна. Эхний буудалт үр дүнд хүрээгүй бөгөөд дахин хоёр удаа оролдсоны эцэст махчин амьтныг унтуулж чаджээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр, баавгайг барих тусгай ажиллагаа 1 цаг 40 минут орчим үргэлжилсэн байна.
Хороолол, сургуулийн ойролцоо 20 гаруй удаа үзэгджээ
Жин нь ойролцоогоор 100 кг гэж баримжаалж буй уг баавгайг сүүлийн өдрүүдэд орон сууцны хороолол, сургууль болон олон нийтийн амралтын хүрээлэнгүүдийн ойролцоо 20 гаруй удаа харсан тухай дуудлага бүртгэгджээ.
Түүнчлэн, баавгай гол сэлж гатлан, хувийн эзэмшил газруудын хашаа саадыг даван гүйж байхыг нутгийн иргэд харсан байна. Араатан амьтан хотын бүсэд ийнхүү ойр ойрхон үзэгдэх болсон тул эрх баригчид тухайн хавьд аюулгүй байдлын хамгаалалтыг дээд зэргээр өндөржүүлээд байсан юм.