Фукушимагийн “ухаантай” баавгай: Цонх нээж, крантнаас ус уун, анчдаас бултаж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Фукушимагийн ухаантай баавгай

2025 онд Японд баавгайн халдлагад өртөж 13 хүн амиа алдсан нь ажиглалт хийж эхэлснээс хойших түүхэн дээд үзүүлэлт болоод байна. Догшин амьтдыг анчид болон аврах албаныхан устгаж байгаа ч эдгээр арга хэмжээ нь хангалтгүй байгаа юм. Тэгвэл саяхан олныг гайхшруулсан “ер бусын ухаантай баавгай” гарч ирсэн бөгөөд түүнийг одоог хүртэл барьж чадахгүй байна. Энэ талаар AFP агентлаг мэдээллээ.

Анчдыг төөрүүлсэн ухаалаг зугталт

Өнгөрсөн 6 дугаар сарын 2-ны өдөр Фукушимагийн үйлдвэрлэлийн хоёр объектод баавгай дөрвөн хүн рүү халдсаныхаа дараа үйлдвэрийн нэгэн байранд нуугджээ. Зэрлэг амьтан өөрөө өөрийгөө урхинд оруулсан мэт харагдаж байсан ч энэхүү шийдвэр нь эсрэгээрээ түүнийг баригдахаас аварсан байна. Хавх болон унтуулагч тариатай буугаар зэвсэглэсэн анчид тухайн барилга дотроос баавгайг олж чадаагүй аж.

Үүнээс хойш амьтан сураггүй алга болсон бөгөөд хаана байгааг нь тогтоож чадахгүй байна хэмээн Фукушима хотын захиргааны төлөөлөгч харамсан өгүүлэв. Тус хотын дарга Юки Баба сэтгүүлчдэд мэдээлэхдээ, одоогийн байдлаар тухайн амьтан барилгаас гарахын тулд “цонхыг өөрөө нээсэн” гэх таамаг байгааг хэлжээ. Баавгай зугтсан хэсэгт хумсных нь мөр үлдсэн байсан нь энэхүү хувилбарыг баталж байгаа юм.

Фукушимагийн "ухаантай" баавгай: Цонх нээж, крантнаас ус уун, анчдаас бултаж байна

Түүнчлэн, баавгай ундаасахдаа “усны крант нээж” уусан байж болзошгүйг хотын дарга нэмж дурдаад, үүнийг “ер бусын ухаалаг үйлдэл” хэмээн нэрлэжээ.

Үл мэдэгдэх аварга баавгайнууд

Өмнө нь Японд ер бусын том хэмжээтэй хэд хэдэн баавгай баригдсан тухай мэдээлж байсан билээ. Тэдгээрийн нэг нь 330 кг, нөгөө нь 280 орчим кг жинтэй байжээ.

Ийм том хэмжээний зэрлэг амьтад хаанаас гарч ирсэн нь одоог хүртэл тодорхойгүй байна. Ракуно Гакүэн (Rakuno Gakuen) их сургуулийн профессор Ёшиказү Сатогийн үзэж байгаагаар, баавгайнууд ичээндээ орохоос өмнө ойн бүсийн ойролцоох тариалангийн талбайн эрдэнэ шишээр идэвхтэй хооллож, ингэж таргалсан байх магадлалтай аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй