Хайден Панеттьериг 36 насандаа гэнэт нас барсан гэх мэдээллийн дараа залуудаа амьдралаас буцсан алдартай жүжигчдийг хэвлэлүүд дахин дурсаж байна. Тэдний зарим нь дэлхийн кино урлагт томоохон ул мөр үлдээсэн ч амьдрал нь хэтэрхий эрт тасарчээ.
Жагсаалтад “Heroes”, “Nashville” цувралуудаар танигдсан Хайден Панеттьери, “The Dark Knight”-ийн од Хит Леджер, “Fast & Furious” цувралын жүжигчин Пол Уокер, мөн Брэндон Ли, Бриттани Мерфи зэрэг нэрс багтсан байна.
Хайден Панеттьери, Хит Леджер, Мишель Трахтенберг
Энэ оны 8-р сарын 16-нд Америкийн жүжигчин Хайден Панеттьери 36 насандаа нас барсан гэх мэдээ дэлхийн шоу бизнесийн хүрээнд анхаарал татжээ. Украйны боксчин Владимир Кличкогийн экс сүйт бүсгүй байсан түүний үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд цогцост задлан шинжилгээ хийсэн ч цагдаа нар мөрдөн шалгалтаа үргэлжлүүлж байна.

Австралийн жүжигчин Хит Леджер 2008 оны 1-р сарын 22-нд 28 насандаа нас барсан. Тухайн үед тэр амьдралын хүнд үеийг туулж, сэтгэл гутралтай тэмцэж байсан гэж мэдээлж байв. Жүжигчний цогцсыг зочид буудлын өрөөнөөс амьсгал хураасан байдалтай олсон бөгөөд албан ёсны дүгнэлтээр зургаан төрлийн эмийн хосолсон нөлөө үхэлд хүргэсэн гэж тогтоожээ.

Америкийн жүжигчин Мишель Трахтенберг 2025 оны 2-р сарын 26-нд 39 насандаа нас барсан гэж эх сурвалжид дурдсан байна. Тэрээр “Buffy the Vampire Slayer” цувралын Дон Саммерсын дүрээр олонд танигдсан. Гэр бүл нь шашны шалтгаанаар задлан шинжилгээнээс татгалзсан тул үхлийн шалтгааныг бүрэн тогтоогоогүй ч шүүх эмнэлгийнхэн токсикологийн шинжилгээ хийжээ. Түүнийг чихрийн шижнээс үүдэлтэй хүндрэлээр нас барсан гэж үзэж байна.

Пол Уокер, Бриттани Мерфи, Брэндон Ли
Пол Уокер 2013 оны 11-р сарын 30-нд 40 насандаа автомашины ослоор амиа алдсан. Тэрээр найзынхаа хамт буяны арга хэмжээнээс буцаж явах үед спорт машин осолд оржээ. Жолооч хурд хэтрүүлж, удирдлага алдан, машин хэд хэдэн удаа мөргөлдөн бараг хоёр хуваагдаж, шатсан байна. Уокерын найз гэмтлийн улмаас газар дээрээ нас барсан бол жүжигчин түлэгдэлтийн улмаас амиа алджээ.

Бриттани Мерфи 2009 оны 12-р сарын 20-нд 32 насандаа нас барсан. Тэр өдөр жүжигчин өөрийн гэрийн угаалгын өрөөнд ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн ч зүрх нь зогссон байна. Задлан шинжилгээгээр нас баралтын гол шалтгаан нь төмрийн дутагдлын цус багадалт болон хэд хэдэн эмийн нөлөөгөөр хүндрэл авсан уушгины хатгалгаа гэж тогтоогджээ.

Америкийн жүжигчин Брэндон Ли 1993 оны 3-р сарын 31-нд 28 насандаа эмгэнэлтэйгээр амиа алдсан. Тэрээр “The Crow” киноны зураг авалтын үеэр гарсан ослын улмаас нас баржээ. Буудлагын сценийг авах үед буунд өмнөх реквизитээс үлдсэн сум гацсан байсан бөгөөд жүжигчин буудуулж шархадсан байна. Эмч нар түүний амийг аврахыг оролдсон ч чадалгүй нас баржээ.

Жагсаалтад мөн “The Ring” аймшгийн кинонд Самара Морганын дүрийг бүтээсэн Дэйви Чейзийн нэр дурдагдсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тэр энэ оны 6-р сарын 16-нд 35 насандаа эмнэлэгт нас баржээ. Анх түүнийг бактерийн менингит болон цусны халдвараар өвчилсөн гэж үзэж байсан ч дараа нь ДОХ-ын улмаас нас барсан гэж мэдээлсэн байна.
