Хятадын эмч нар хоёр хөл нь тасарсан өвчтөнийг түүхэнд анх удаа дахин алхуулж чаджээ

0 comments
Хятадад хоёр хөл нь тасарсан өвчтөнийг дахин алхуулжээ

Хятадын мэс засалчид дунд чөмөгний түвшинд хоёр хөл нь бүрэн тасарсан өвчтөний хөлийг эргүүлэн залгах (реплантация) ховор мэс заслыг амжилттай хийлээ. Yangtse Evening Post/Ziniu News-ийн мэдээлснээр, энэ нь ийм төрлийн гэмтлийн дараа өвчтөн дахин хөл дээрээ боссон дэлхийн түүхэн дэх анхны баталгаажсан тохиолдол болж байна.

2024 оны 12-р сарын 2-нд Хятадын Сужоу хотод 51 настай Цзян нэртэй эр үйлдвэрлэлийн ослын улмаас хоёр доод мөчөө бүрэн таслуулжээ. Түүнийг Сужоугийн ортопедийн эмнэлэгт нэн даруй хүргэж, эмч нар хөлийг нь буцаан залгах шийдвэр гаргасан байна. Ойролцоогоор 8 цаг үргэлжилсэн мэс заслаар багийнхан донор бус, өвчтөний өөрийнх нь тасарсан мөчдийг ашиглан яс, цусны судас, мэдрэл болон бусад эдийг дахин холбожээ.

Эмчилгээний явцад эд эсийн үхжил үүссэн тул дахин хэд хэдэн мэс засал хийсэн бөгөөд ясны барьцалдалт муу байсантай холбогдуулан яс шилжүүлэн суулгах, дунд чөмөгний ясыг дотроос нь бэхлэх хагалгааг нэмэлтээр хийсэн байна.

Гэмтэл авснаас хойш бараг 20 сарын дараа өвчтөн дахин алхаж эхэлжээ. Одоогоор тэрээр зориулалтын тулгуур ашиглаж байгаа ч өдөр тутмын хэрэгцээгээ бие даан хангаж чадаж байна. Мөн түүний хөлийн мэдрэл шагайны дээд хэсэг хүртэл сэргэжээ. Эмч нарын үзэж байгаагаар хамгийн аюултай шат ард хоцорсон бөгөөд одоо булчингийн хүчийг нөхөх урт хугацааны нөхөн сэргээх эмчилгээ хийгдэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй