Завхан аймгийн Сонгино сумын Тариат гол орчимд бэртэж, нисэх боломжгүй болсон хун шувууг орон нутгийн байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчид авран хамгаалжээ.
Шархдсаны улмаас сүргээсээ хоцорсон уг хун өвлийн хүйтэнд амь эрсдэх эрсдэлтэй нөхцөлд байсан байна. Иймд хунгийн сүрэг жил бүр өвөлждөг Ховд аймгийн Дөргөн сумын Далай нуурт тээвэрлэн хүргэжээ.
Одоогоор хунг мал эмнэлгийн хяналтад авч, шаардлагатай эмчилгээ, асаргаа сувилгаа хийж байна. Бэртэл нь эдгэрч, бүрэн тэнхэрсний дараа Далай нуурт өвөлжиж буй хунгийн сүрэгтэй нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
