Америкийн технологийн NVIDIA компанийн Төлөөлөн удирдах зөвлөл Женсен Хуангийг ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал (CEO) болон ТУЗ-ийн гишүүний албан тушаалд нь эргэн томилжээ. Шийдвэр нэн даруй хүчин төгөлдөр болсон талаар компанийн албан ёсны сайтад нийтэлсэн хэвлэлийн мэдээнд дурдсан байна.
ТУЗ-ийн гишүүд хэд хэдэн уулзалт, хэлэлцүүлгийн дараа Хуангийг буцаан томилохыг санал нэгтэй дэмжжээ. Тэд түүний нээлттэй байдал болон компанийг удирдах чадварт итгэлтэй болсон гэж мэдэгдсэн байна.
Шийдвэр гаргах явцад ТУЗ АНУ-ын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудаас дүгнэлт авсан бөгөөд үүний үндсэн дээр Хуангийг албан тушаалд нь эргүүлэн томилох нь үндэсний аюулгүй байдалд заналхийлэхгүй гэж үзжээ. NVIDIA-ийн ТУЗ-ийн дарга Харви Си Жонс өөрийн албан тушаалдаа хэвээр үлдэх юм.
“Төлөөлөн удирдах зөвлөл Женсенийг NVIDIA-г удирдах хамгийн тохиромжтой хүн гэж үзэж байгаа бөгөөд түүний эргэн ирэлт хувьцаа эзэмшигчид, ажилтнууд, түншүүд болон үйлчлүүлэгчдийн эрх ашигт нийцнэ. Бид түүнд бүрэн итгэж байгаа бөгөөд дахин хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Жонс мэдэгджээ.
Тэр мөн санхүүгийн захирлын үндсэн үүргийнхээ зэрэгцээ гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэсэн Колетт Крессийн ажлыг онцлон үнэлсэн байна. Компанийн удирдлага шилжилтийн хугацаанд түүний гүйцэтгэсэн үүргийг чухал гэж тодорхойлжээ.
Хуанг: “Ажилдаа эргэн орохыг тэсэн ядан хүлээж байна”
Хуанг дэлхийн технологийн хамгийн чухал компаниудын нэгийг шинэ аж үйлдвэрийн хувьсгалын босгон дээр дахин удирдах болсон нь нэр төрийн хэрэг гэж мэдэгдсэн байна. Тэр энэхүү хариуцлагыг “гүн даруу байдал, шинэ шийдэмгий байдлаар” хүлээн авч буйгаа хэлжээ.
“Надад итгэл үзүүлж, асуудалд нухацтай хандсан NVIDIA-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд талархаж байна. Мөн энэ хугацаанд компанийг удирдсан Харви Жонс, Колетт Кресс болон манай удирдлагын бүх багт онцгой талархал илэрхийлье” гэж Хуанг хэлсэн байна.
Тэр мөн ажилтнууд, хувьцаа эзэмшигчид, салбарын удирдагчид, дэлхий даяарх түншүүд болон хамгийн түрүүнд гэр бүлдээ талархал илэрхийлжээ. “Ажилдаа эргэн орохыг тэсэн ядан хүлээж байна” гэж Хуанг нэмж хэлсэн байна.
Тусгай шалгалт үргэлжилнэ
NVIDIA-ийн мэдээлснээр, Хуанг гадаадын тагнуулын байгууллагын анхаарлын бай болсон байж болзошгүй тухай сүүлийн үеийн мэдээллүүдийн дараа ТУЗ хараат бус захирлуудаас бүрдсэн тусгай хороо байгуулж, хөндлөнгийн хуульчдыг оролцуулсан байна. Тус хорооны шалгалтыг бүрэн дуусгах бөгөөд Хуанг өөрөө шалгалтыг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Үүнээс гадна NVIDIA зөвхөн хараат бус захирлуудаас бүрдэх Үндэсний аюулгүй байдал, экспортын хяналтын хороог шинээр байгуулсан байна. Мөн хууль, зохицуулалтын шаардлагын хэрэгжилтийг хянах Chief Compliance Officer буюу комплаенс хариуцсан захирлын шинэ албан тушаалд нэр дэвшигч хайж эхэлжээ.
Компани одоо үргэлжилж буй төрийн байгууллагуудын шалгалт, мөрдөн ажиллагаанд цаашид ч хамтран ажиллахаа баталсан байна. Ийнхүү Хуанг удирдлагад эргэн ирсэн ч түүнтэй холбоотой тусгай шалгалтууд үргэлжилсээр байх юм.
