Өмнөд Солонгосын тав дахь удаагийн “Blue Dragon Awards” наадмаас жүжигчин Ким Го Ын хамгийн нэр хүндтэй шагнал болох Дэсан (Daesang)-ийг хүртсэн билээ. Тэрээр богино хугацаанд “You and Everything Else”, “The Price of Confession”, “Yumi’s Cells 3” зэрэг гурван том цувралд гол дүр бүтээн, өөр өөр өнгө төрхийг чадварлаг харуулсан нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан ч шагналын албан ёсны тайлбар олон нийтийн дунд сөрөг байр суурь үүсгээд байна.
Шүүмжлэл дагуулсан албан ёсны тайлбар
Шагналыг гардуулахдаа зохион байгуулагчдын зүгээс түүний ур чадварыг онцлон сайшаасан хэдий ч “стриминг салбарын хөгжлийг урагшлуулсан” гэх тодорхойлолт нь үзэгчдийн эргэлзээг төрүүлжээ. Тухайлбал, уг тайлбарыг хэтрүүлэгтэй, үндэслэл муутай болсон хэмээн олон нийт үзэж байна. Тус наадмаас гаргасан албан ёсны тайлбарт:
“Дэсан шагналыг Ким Го Ынд гардууллаа. Тэрээр нэг улиралд “You and Everything Else”, “The Price of Confession”, “Yumi’s Cells 3″ зэрэг томоохон цувралуудад тоглож, бүтээл бүртээ тэс өөр дүрийг чадварлаг бүтээсэн бөгөөд гурван төслийг бүгдийг нь амжилтад хүргэхэд хувь нэмэр оруулсан. Тэрээр эрэгтэй, эмэгтэй жүжигчид болон бүтээлүүдийг хамарсан шагналын түүхэнд урьд өмнө байгаагүй шинэ жишиг тогтоосон. Ким Го Ын стриминг салбарын хөгжлийг урагшлуулсан хувь нэмрийг нь үнэлэх ёстой гэсэн санал олон байсан тул түүнийг маргаангүйгээр Дэсан шагналын эзнээр тодрууллаа.”
Үзэгчдийн хувьд жүжигчний авьяас чадвар, өндөр бүтээмжийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Гэвч тэд “Squid Game” шиг дэлхийн OTT салбарт бодит тэсрэлт хийгээгүй атлаа бүхэл бүтэн салбарыг хөгжүүлсэн мэтээр хэтрүүлэн үнэлсэнд шүүмжлэлтэй хандаж байна.
Олон нийтийн ба үзэгчдийн сэтгэгдэл
Уг үйл явдалтай холбогдуулан цахим орчинд иргэд болон үзэгчид өөр өөрсдийн сэтгэгдлийг үлдээжээ. Зарим нь түүнийг авьяастай тул шагнал авах нь зүй ёсны хэрэг гэж хамгаалж байгаа бол зарим нь шагналын тайлбарыг үндэслэлгүй хэтрүүлэг хэмээн үзэж байна.
Сүлжээнд үлдээсэн зарим сэтгэгдлүүдээс дурдвал:
- “Хэрэв хэн нэгэн OTT экосистемийг хөгжүүлсэн гэж хэлэх гэж байгаа бол Squid Game шиг хэмжээний нөлөө үзүүлсэн байх ёстой. Зүгээр л олон төсөлд тоглосон болохоор нь ингэж хэлж болохгүй.”
- “Би тэр гурван бүтээлээс хоёрыг нь үзсэн. Хоёуланд нь гайхалтай тоглосон. Дүрүүд нь ч огт өөр байсан. Энэ шагналыг хүртэх бүрэн эрхтэй.”
- “Ким Го Ын Дэсан авах нь гарцаагүй зөв байсан.”
- “Гурван бүтээлийн хоёрыг нь бараг амжилтгүй болсон гэж хэлж болохоор байхад OTT экосистемийг хөгжүүлсэн гэж яаж хэлж байгаа юм бэ? Энэ тайлбар үнэхээр утгагүй.”
- “You and Everything Else, The Price of Confession хоёрт үнэхээр биширсэн. Карьерынхаа хамгийн оргил үедээ явж байгаа юм шиг санагдсан. Баяр хүргэе.”
- “Гурван бүтээлд бүгдэд нь гайхалтай тоглосон. Ийм богино хугацаанд ийм өөр дүрүүдийг амжилттай бүтээнэ гэдэг үнэхээр гайхалтай.”
- “Олон төсөлд тоглосон болохоор шагнал авсан гэж хүмүүс яриад байх юм. Гол нь олон өөр дүрийг маш өндөр түвшинд бүтээсэнд байгаа.”