Нийслэлийн оршин суугчдад сар бүрийн 20-ны өдрийн дотор цахилгааны төлбөрөө төлөхийг сануулсан мэссэж “УБЦТС” ТӨХК-аас тогтмол ирдэг билээ. Тэгвэл энэ сараас эхлэн зарим дүүрэг, орон нутгийн хэрэглэгчдийн цахилгааны төлбөр төлөх хуваарь болон журманд өөрчлөлт орж байгааг мэдээллээ.
Энэхүү шинэчлэл нь ухаалаг тоолуураар 100 хувь хангагдсан салбар хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд хамаарч байгаа юм. Шинэчилсэн нэгдсэн циклд дараах бүс нутаг болон төвүүд хамрагдаж байна:
- Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв
- Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төв
- Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төв
- Налайх болон Зуунмод төвүүд
Тус компаниас шинэчлэгдсэн журмын талаар албан ёсоор тайлбарлалаа. Тэд дараах мэдээллийг нийтэд хүргэсэн юм:
“УБЦТС ТӨХК нь ухаалаг тоолуураар 100 хувь хангагдаад байгаа Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд болон Налайх, Зуунмод төвүүдийн хэрэглэгчдийн сар тутмын тоолуурын заалтыг бичих, төлбөр цуглуулах, авлага барагдуулах ажиллагаа 2026 оны наймдугаар сараас эхлэн нэгдсэн 1 циклд шилжиж байна. Өөрөөр хэлбэл эдгээр хэрэглэгчдийн хувьд төлбөр төлөх хугацаа ижил буюу нийтээрээ цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-ноос 30-ны өдрүүдэд төлдөг болж өөрчлөгдөж байна. Шинэчлэгдсэн циклээр сар бүр хэднээс хэдний хооронд тоолуурын бичилт хийх, нэхэмжлэл илгээх, төлбөр цуглуулах, төлбөрөө төлөхийг сануулах, төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийн хэрэглээг түдгэлзүүлэх, төлөөгүй төлбөрт алданги ногдуулах зэрэг ажиллагаа хийгдэхийг зурагт тодорхой харуулав.”
Шинэ нэгдсэн циклийн хүрээнд тоолуурын заалт бичихээс эхлээд хугацаандаа төлөөгүй хэрэглэгчийн хэрэглээг түдгэлзүүлэх, алданги тооцох хүртэлх бүх ажиллагаа тогтсон хуваарийн дагуу явагдана. Иймд холбогдох бүс нутгийн оршин суучид сар бүрийн 20-ноос 30-ны өдрүүдэд цахилгааны төлбөрөө амжиж төлөх шаардлагатай болж байна.