Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг, Улиастайн Бурхантын аманд байрлах айл руу баавгай дайрсны улмаас нэг хүн амиа алдаж, нэг эмэгтэй хүнд гэмтсэн гэх мэдээлэл гарлаа.
Урьдчилсан мэдээллээр, хэрэг аравдугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд суурин газраас алслагдсан айлын гэрт болжээ. Баавгайн халдлагад 40 гаруй насны эрэгтэй өртөж амиа алдсан бол 50 орчим насны эмэгтэй хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн байна.
ГССҮТ: Өвчтөний биеийн байдал хүнд байна
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээлснээр, баавгайн халдлагад өртсөн эмэгтэйг тус төвийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж.
ГССҮТ-ийн мэдээлэлд “Гэмтлийн хувьд, толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн” гэжээ.
Эмнэлгийн зүгээс өвчтөнд шаардлагатай мэс заслын болон бусад тусламж үйлчилгээг үзүүлж, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээ авсан байна.
Зэрлэг амьтан суурьшлын бүсэд үзэгдэх тохиолдол нэмэгджээ
Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүс, айлын бууц, малын бэлчээр болон зуслангийн орчимд үзэгдэх тохиолдол нэмэгдсэн талаар мэдээлж байгаа юм.
ГССҮТ-өөс иргэдэд гэр, хашаа болон амьдарч буй орчныхоо аюулгүй байдалд анхаарахыг зөвлөжээ. Мөн холбогдох байгууллагууд зэрлэг баавгайн халдлагаас урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
