Мексикт усан доорх агуйд сураггүй алга болсноос хойш 15 хоногийн дараа 31 настай загасчин Эрасто Крисанто Вальдесыг (Erasto Crisanto Valdes) аварсан байна. Түүнийг 100 гаруй метрийн гүнд орших агаарын хөндийгөөс амьд олсон тухай Daily Mail мэдээллээ.
Вальдес 7-р сарын 23-нд Сан-Франсиско-Ла-Пас бүс нутагт аавынхаа хамт сенот буюу байгалийн карст цооногт загасчилж байхдаа алга болжээ. Түүний ярьснаар усан доор загас хөөж явж байгаад буцах гарцаа олж чадалгүй төөрчээ.
Анхандаа аав нь хүүгээ өөрөө хайхыг завшиж байсан бөгөөд улмаар нутгийн иргэд болон аврагчид хайгуулд нэгдсэн байна. Алга болсноос хойш зургаан өдрийн дараа 65 метрийн гүнээс түүний жадыг олжээ. Хайгуулын ажиллагаанд Мексик, АНУ, Герман болон Доминикан Улсын мэргэжилтнүүд хамтран оролцож, сураггүй болсноос хойш 15 дахь өдөр буюу 8-р сарын 7-нд судлаачид гадаргуугаас 100 гаруй метрийн гүнд байрлах агаарын хөндийтэй агуйд хүрч, Вальдесыг амьд байхад нь олсон байна.
“Бид түүний цогцсыг л олно гэж бодож байсан. Гэвч Бурхан арай өөр төлөвлөгөөтэй байжээ” — Карлос Хименес (Ажиллагаанд оролцсон Мексикийн судлаач)
Эрэгтэйг дамнуургаар гадаргуу дээр гаргаж, нэн даруй эмнэлэгт хүргэжээ. Хоёр долоо хоногийн турш хоол хүнсгүй байсны улмаас түүний бие асар их шингэний дутагдалд орж, турж эцсэн байв. Эрасто Вальдес аврагдсаныхаа дараа үр хүүхэд, гэр бүлийнхнээ дахин харах боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлжээ.