Хайден Панеттьерийн ээж охиныхоо нас барсны дараа анхаарал татах мэдэгдэл хийлээ

0 comments
Хайден Панеттьери

Америкийн жүжигчин Хайден Панеттьерийн ээж Лесли Вогель охиныхоо нас барсны дараа түүний найз залуу Брайан Хикерсонд таагүй хандаж байгаагаа илэрхийллээ. Энэ талаар “Independent” хэвлэл мэдээлсэн байна.

Панеттьерийн цогцсыг 37 настай Брайан Хикерсон олж харан түргэн тусламж дууджээ. Тус хэвлэлд тэмдэглэснээр тэрээр цагдаагийнханд жүжигчний эзэмшлийн эмийн уутыг хүлээлгэн өгсөн байна. Тухайн үед жүжигчний ах Зак Панеттьери мөн хамт байжээ.

Гэр бүлийнхний сэрэмжлүүлэг болон ээжийнх нь үг

Вогель охиныг нь нас барах агшинд Хикерсон хамт байсанд анхаарал хандуулсан байна. Түүнчлэн гэр бүлийнхэн нь жүжигчин бүсгүйг энэ залуутай харилцаатай байхыг хүсдэггүй байсныг тодотгов.

“Бидний удаан хугацааны турш охиноосоо холдуулахыг хичээж байсан хүн буюу Брайан Хикерсон түүнийг нас барах агшинд дэргэд нь байжээ. Хайден бол олон талаараа гайхалтай авьяаслаг хүн байсан гэж би боддог. Шоу бизнесийн салбарт өсөж торниж буй залууст амаргүй байдаг. Энэ бол маш хүнд салбар бөгөөд харамсалтай нь тэд буруу зам сонгох нь цөөнгүй” гэж жүжигчний ээж мэдэгджээ.

Ээж охин хоёрын таагүй харилцаа

Панеттьери нас барахаасаа өмнө ээжтэйгээ харилцахаа болиод удсан байжээ. Тэрээр дурсамж номдоо ээж нь түүнд хүүхэд мэт биш, харин “сэтгэл засалч эсвэл сэтгэлийг нь уудалж уйлдаг нэгэн” мэт ханддаг байсан тухай бичиж байв.

Хэрэг явдлын нөхцөл байдал

36 настай жүжигчин бүсгүйг 8 дугаар сарын 16-нд Өмнөд Каролинад ухаангүй байхад нь олжээ. Цагдаагийн газраас гадны нөлөөтэй үхлийн шинж тэмдэг олоогүй бөгөөд албан ёсны шалтгааныг одоогоор тогтоож байна. Панеттьери эмийн тун хэтрүүлснээс үүдэж нас барсан байж магадгүй гэж мэдээлсэн юм. Онцгой байдлын албаны ярианы бичлэгүүд энэ таамгийг зааж байсан ч тухайн үед албан ёсны шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй