Table of Contents
АНУ-ын иргэн, өдгөө 103 настай Дороти “Дотти” Уилсон тогтмол дасгал хөдөлгөөн хийж, өдөр бүр ном уншин, хүүхдүүдтэйгээ цахимаар бриж (хөзрийн стратегийн тоглоом) тоглодог байна. Тэрээр өөрийг нь үргэлж цовоо сэргэлэн, аз жаргалтай байлгадаг амьдралын хэв маягаасаа хуваалцжээ. Дороти нийгмийн маш идэвхтэй амьдралтай бөгөөд олон нийтийн арга хэмжээг алгасахгүйг хичээдэг байна. Энэ талаар TODAY сайт мэдээллээ.
Дороти Уилсон 1923 оны нэгдүгээр сарын 12-нд Массачусетс мужийн Арлингтон хотод төржээ. Тэрээр одоо Коннектикут мужийн Мистик хотын “Masonicare” ахмад настны асрамжийн газарт амьдардаг. Тэндээ биеийн тамирын дасгал, сүмийн мөргөл, олон нийтийн арга хэмжээнд тогтмол хамрагдаж, гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг бүтээлчээр өнгөрүүлдэг аж.
Хүмүүсийг хайрлах сэтгэл ба амьдралын замнал
Уилсон амьдралдаа хүмүүсийг болон амьд харилцааг хамгийн их эрхэмлэдэг гэдгээ хэлсэн юм. Түүнийхээр шинэ хүмүүстэй танилцаж, уулзах нь амьдралын хамгийн сайхан хэсэг гэнэ.
Тэрээр Бостоны их сургуулийг төгсөж, банкны салбарт ажиллаж байхдаа ирээдүйн нөхөр Ричард Уилсонтойгоо танилцжээ. Хосууд 1942 онд гэрлэж, 2017 онд нөхрийгөө өөд болох хүртэл хамт амьдарсан байна. Тэд дөрвөн хүүхэд өсгөсөн бөгөөд Ричардын АНУ-ын Армийн Агаарын цэргийн хүчинд алба хааж байсантай холбоотойгоор олон удаа нүүж суужээ.
Дасгал хөдөлгөөн ба амьдралын эрч хүч
Дороти өөрийг нь үргэлж идэвхтэй байлгадаг гол дадал бол тогтмол хөдөлгөөн гэж тодорхойлсон юм. Тэрээр өдөр бүр хөдөлгөөнтэй байж, жижиг гэлтгүй өдөр тутмын амьдралын хэмнэлээ алдахгүй байх нь чухал гэдгийг онцолжээ.
Өндөр настан өдөр тутмын ажлаа хэний ч тусламжгүйгээр өөрөө хийдэг байна. Тэрээр “Masonicare”-ийн дасгалын хичээлд тогтмол сууж, хөдөлгөөн нь биеийн янз бүрийн хэсэг болон тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг талаарх зааварлагчийн тайлбарыг сонирхон сонсдог аж.
Уилсоны хэлснээр, өдөр тутмын энгийн хөдөлгөөнтэй байх нь хүч тамир тэтгэхэд тусалдаг байна. Түүнчлэн тэрээр амьдралд бүх зүйл амар хялбар байх албагүй гэж үздэг.
“Юу ч амархан бүтдэггүй, бүтөх ч албагүй. Харин ч бэрхшээлийг туулж, хүч чадал суух нь зөв гэж би боддог” хэмээн тэрээр өгүүлжээ.
Оюун ухаанаа цэнэглэх дадал ба хооллолт
Америк эмэгтэйн амьдралын өөр нэг чухал хэсэг бол ном унших юм. Тэрээр өдөр бүр, ихэвчлэн оройн цагаар Kindle (цахим ном уншигч) төхөөрөмжөөр ном уншдаг бөгөөд дэлхий ертөнц дээрх олон үйл явдал хэрхэн дахин давтагдаж байгааг ажиглах нь сонирхолтой байдаг гэжээ.
Уилсон бусадтай харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгдөг. Тэрээр “Masonicare”-ийн хүлээн авах хорооны гишүүн бөгөөд тус төвд шинээр ирж буй оршин суугчдыг танилцуулж, дасан зохицоход нь тусалдаг байна. Хүмүүсийг ирсэн газартаа найрсаг дулаан уур амьсгалыг мэдрээсэй гэж тэрээр маш их хүсдэг аж.
Мөн урт насалт эмэгтэй олон нийтийн арга хэмжээнд тогтмол оролцдог бөгөөд хэн нэгэн чиний бие хааг асууж, санаа тавьж буйг мэдрэх нь чухал гэж үздэг.
Түүний дуртай өөр нэг зүйл бол бриж тоглоом юм. Уилсон долоо хоног бүр бусадтай уулзаж хөзөр тоглодог бөгөөд өдөр бүр хоёр хүүхэдтэйгээ цахимаар тоглодог байна. Түүний хэлснээр, гэх тоглоом нь хүмүүстэй танилцаж, найрсаг уур амьсгалд цагийг өнгөрөөход тусалдаг аж.
Хооллолтын хувьд Дороти хатуу хориг тавьдаггүй. Түүний хамгийн дуртай хоолнуудын нэг бол далайн гаралтай бүтээгдэхүүний рагу (мах, ногооны өтгөн шөл) юм. Үүний зэрэгцээ тэрээр өдөр бүр салат эсвэл хүнсний ногоо хэрэглэдэг гэжээ.
Эмэгтэй ерөнхийдөө биеийн байдал нь сайн байгааг онцолсон юм. Түүний бодлоор, гомдоллож дургүйцлээ илэрхийллээ гээд юу ч өөрчлөгдөхгүй ажээ.