Хиймэл оюун ухааны (AI) аюул заналын тухай өгүүлэх “The Future of Truth” (Үнэний ирээдүй) номын зохиолч Стивен Розенбаум өөрийн бүтээлдээ хиймэл оюунаар үүсгэсэн зохиомол болон бусдад андууран хаягласан ишлэлүүдийг ашигласнаа хүлээн зөвшөөрсний дараа томоохон дуулианы төвд орлоо.
Энэхүү хэргийг “The New York Times” сонины редакци илрүүлсэн бөгөөд тус номоос ийм төрлийн зургаа гаруй ноцтой тохиолдлыг олж тогтоосон байна.
Зохиолч Розенбаумын мэдэгдсэнээр, эдгээр алдаанууд нь санаатай биш, санамсаргүй байдлаар гарсан бөгөөд тэрээр номоо бэлтгэх, судалгаа хийх, бичих болон редакторлох шатанд “ChatGPT” болон “Claude” системийг ашигласан байна. Тэрээр номынхоо агуулгыг дахин шалгаж эхэлсэн бөгөөд дараагийн хэвлэлүүдэд эдгээр нарийвчлалгүй байдлыг засахаар редакторуудтайгаа хамтран ажиллаж байгаагаа илэрхийлжээ.
Хүмүүсийн хэлээгүй үгийг зохиож оруулжээ
Маргаантай хэсгүүдийн дунд нэрт сэтгүүлч Кара Суишер болон сэтгэл судлалын профессор Лиза Фельдман Барретт нарт хаягласан ишлэлүүд багтсан байна. Тэд хоёул номонд дурдсан үгсийг хэзээ ч хэлээгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Бусад зарим ишлэлүүд нь бодит амьдрал дээр хэлсэн үг болон хиймэл оюунаар үүсгэсэн өгүүлбэрүүдийн холимог байснаас гадна, огт өөр хүмүүсийн хэлсэн үгийг андууран тэдний нэр дээр шилжүүлсэн байсан нь тогтоогдсон байна.