Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн таван сурагч гудамжинд ухаан алдсан охинд анхны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн байна. Тухайн үйл явдал /2026.05.4/-нд буюу өнгөрсөн даваа гарагт болжээ.
Ухаан алдсан охины эмээ цахим хуудастаа “Зээ охин ухаан алдлаа гэсэн дуудлага ирж, яаран гартал түргэн ирж үзээд явж байгаатай таарлаа. СБД-ийн 31 дүгээр сургуулийн хүүхдүүд ээлжлэн үүрч, зарим нь тэвэрч гүйсээр өрхийн эмч, түргэн дуудаж үзүүлэн, анхан шатны туслалцаа үзүүлж, охиныг минь аюулгүй болгожээ. Сайхан сэтгэлт хүүхдүүддээ гялайлаа” хэмээн бичжээ.
Ангийн найздаа тусалсан сурагчид:
- А.Баясгалан
- Г.Тогтох
- Т.Ариундалай
- Н.Чингүүн
- Б.Амарболд
Охин тухайн өдөр хичээлээ тараад ангийнхантайгаа хамт хоол идэхээр явж байхдаа зүрх нь гэнэт өвдсөн байна. Улмаар ангийн хөвгүүд нь түүнийг ойролцоох өрхийн эмнэлэг рүү үүрч хүргэн, эмч болон түргэн тусламж дуудуулжээ.