АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн ням гарагт өөрийгөө Есүс Христийн дүрээр харуулсан хиймэл оюуны зураг нийтэлсэн нь нийгэмд томоохон маргаан дагууллаа. Уг зураг дээр Трамп эмнэлгийн орон дээрх өвчтөнийг илааршуулж буй байдалтай дүрслэгдсэн бөгөөд энэ нь шүүмжлэгчид төдийгүй түүний үнэнч дэмжигчдийн дургүйцлийг төрүүлсэн тул даваа гарагт албан ёсоор устгагдсан байна.
Ерөнхийлөгч Трамп уг зургийг нийтлэхийнхээ өмнөхөн Ромын католик шашны тэргүүн Пап XIV Лео руу чиглэсэн ширүүн дайралт хийсэн юм. Тэрээр Ираны эсрэг явуулж буй АНУ болон Израилийн цэргийн ажиллагааг шүүмжилсэн Пап ламыг “гэмт хэргийг таслан зогсоох тал дээр сул дорой, гадаад бодлогын мэдлэггүй” хэмээн тодорхойлжээ.
Уг үйлдэлд шашны болон консерватив хүрээнийхэн хамгийн хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн бөгөөд тэдний байр суурийг тоймловол:
- Шон Фейхт: “Үүнийг нэн даруй устгах хэрэгтэй. Ямар ч тохиолдолд ийм зүйлийг хүлээн зөвшөөрөх ёсгүй.”
- Райли Гэйнс: “Бурхныг доромжлох хориотой.”
- Дэвид Бродли: “Энэ бол хэм хэмжээнээс хэтэрсэн, хил хязгаарыг давсан үйлдэл.”
Хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ Трамп зургийг нийтэлснээ зөвшөөрсөн ч “би өөрийгөө ердөө эмчээр дүрсэлсэн” хэмээн тайлбарласан юм. Гэсэн хэдий ч цагаан нөмрөг өмссөн Трамп өвчтөний духан дээр гэрэлтсэн гараа тавьж буй нь Есүс Христийн шашны сонгодог дүрслэлүүдтэй тун төстэй байсан нь олны дургүйцлийг төрүүлсэн гол шалтгаан болов.

Даваа гарагт Пап XIV Лео Трампын шүүмжлэлд хариу өгөхдөө “Би Трампын засаг захиргаанаас айхгүй, бурхны сайн мэдээг чанга дуугаар дамжуулахаасаа айхгүй, ингэх нь миний үүрэг” гэж мэдэгдсэн байна. Үүний хариуд Трамп шашны тэргүүнээс уучлалт гуйхаас татгалзаж, Ираныг цөмийн зэвсэгтэй болгохгүй байх нь Пап ламын ч эрх ашигт нийцнэ гэж хэлжээ.
Энэ нь Ерөнхийлөгч Трампын хувьд анхны тохиолдол биш бөгөөд тэрээр өмнө нь Барак Обама болон түүний гэргийг сармагчин болгон дүрсэлсэн бичлэг нийтэлж, намынхаа гишүүдийн шүүмжлэлээр устгаж байсан удаатай. Тухайн үед Цагаан ордны зүгээс уг үйл явдлыг “хэн нэгний гаргасан техникийн алдаа” хэмээн зөөлрүүлэн тайлбарлаж байсан юм.