Африкт тархаж буй Эболагийн омгийн эсрэг вакцины анхны туршилт эхэлжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Эбола

Африкт тархаж буй Эбола вирусийн Бундибугио омгийн эсрэг вакцины дэлхийн анхны клиник туршилт эхэлсэн талаар Bloomberg мэдээлжээ.

Эхний шатны туршилтад 50 эрүүл насанд хүрсэн хүн оролцоно. Судлаачид энэ үеэр вакцины аюулгүй байдал болон оролцогчдын дархлааны хариу урвалыг үнэлэх юм.

Энэтхэгийн Сийвэнгийн хүрээлэн туршилтын вакцины 620 мянга орчим тунг аль хэдийн үйлдвэрлэж, нөөцөлсөн байна. Хэрэв вакцин үр дүнтэй нь батлагдвал дараагийн шатны судалгаа болон шаардлагатай тохиолдолд яаралтай хэрэглээнд ашиглах боломжтой гэж үзжээ. Харин эхний шатны туршилтад зориулан 4 мянган тун бэлтгэсэн байна.

Ирээдүйн дэгдэлтэд бэлтгэх зорилготой

Мэдээлэлд дурдсанаар, Бундибугио омгийн эсрэг вакцин COVID-19-ийн зарим вакцинтай адил шимпанзегийн аденовирус дээр суурилсан платформ ашиглажээ.

Африкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн ерөнхий захирал Жан Касеягийн хэлснээр, вакцин үр дүнтэй болсон ч одоогийн Эболагийн дэгдэлтийн явцыг шууд өөрчлөх магадлал бага аж.

Гэсэн ч уг туршилт ирээдүйн тахал, дэгдэлтэд илүү сайн бэлтгэхэд чухал алхам болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Шинэ вакцин амжилттай болбол Африкийн бүс нутагт Эболагийн аюултай омгуудтай тэмцэх нэмэлт хэрэгсэл бий болох юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй