Холливудын жүжигчин Анджелина Жолигийн төрсөн ах, жүжигчин Жеймс Хейвен өөрийгөө гей гэдгээ олон нийтэд нээлттэй зарлажээ. 53 настай тэрээр энэ тухай хуучин эхнэр, реалити шоуны од Роми Имбеллитэй хамт Instagram-ийн шууд эфирт оролцох үеэрээ ярьсан байна.
Жеймс, Роми нар 20 гаруй жилийн турш ойр дотно харилцаатай байсан. Эхэндээ тэд олон жил найзалж, 2024 онд гэрлэсэн ч жилийн дараа салжээ.
Роми Имбелли “би үүнийг мэдэрч байсан” гэв
Жеймс Хейвен яриагаа шуудхан “Би гей” гэж эхлүүлсэн байна. Үүний дараа Роми Имбелли нөхрийнхөө бэлгийн чиг баримжааны талаар өмнө нь таамаглаж байсан ч үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй гэдгээ хэлжээ.
“Би үүнд итгэхийг хүсээгүй. Би зүгээр л мэдэж байсан, чамайг дэмжиж, хайрлахыг хүссэн. Гэхдээ итгэхийг хүсээгүй, учир нь энэ нь чамайг алдана гэсэн үг байсан” гэж Имбелли тайлбарласан байна.
Жеймсийн хэлснээр, каминг-аут нь түүний амьдралын шинэ үеийн эхлэл болжээ. Тэрээр олон жилийн турш бага насны сэтгэлзүйн шархаа эдгээхийг хичээж, өөрийн мэдрэмжээ дарж ирсэн гэж ярьсан байна.
“Би, Жеймс Хейвен, амьдралынхаа шинэ бүлгийг эхлүүлж байна. Бага насны шархаа олон жил эдгээсний дараа би одоо өөрт минь үргэлж зориулагдсан гэж боддог амьдралаар амьдрах эрх чөлөөтэй боллоо. Найдвар, амар амгалан, хайраар дүүрэн амьдралаар” гэж тэр мэдэгджээ.

Тэрээр ойр дотнынхноо айдсаас илүү хайрыг сонгохыг хүсэв
Хейвен мөн бага насныхаа тухай дурссан байна. Түүний хэлснээр, тэр үедээ Disney-ийн гүнжүүдэд их татагддаг, хацартаа гялтгануур, сормуусандаа тушь нууцаар түрхдэг байсан бөгөөд ингэхдээ өөрийгөө тухтай мэдэрдэг байжээ. Гэхдээ тухайн үед яагаад ийм зүйлс өөрт нь таалагддагийг ойлгодоггүй байсан гэж тэр ярьсан байна.
Жеймс өөрийн каминг-аутыг “өөр хүн болох оролдлого” биш, харин эргэн тойрныхондоо жинхэнэ өөрийгөө харуулах боломж гэж тайлбарлажээ. Мөн гэр бүл, ойр дотнынхондоо айдсаас илүү хайрыг сонгохыг хүссэн байна.
Салалтын дараа ч Жеймс, Роми нар бүрэн хөндийрөөгүй аж. Роми одоо ч экс нөхрөө “амьдралын минь хамтрагч” гэж нэрлэдэг. Хос 2024 оны зун гэрлэсэн ч ёслолоос хэдхэн долоо хоногийн дараа маргалдаж, бараг нэг сар харилцаагүй байжээ. Дараа нь Роми салах өргөдөл гаргасан бөгөөд удалгүй Жеймс мөн ижил алхам хийсэн байна. Эцэст нь тэд гэрлэлтээ хүчингүй болгохгүйгээр 2025 оны хавар албан ёсоор салжээ.
Жеймс Хейвен бол Анджелина Жолигийн төрсөн ах юм. Тэдний эцэг эх нь Холливудын жүжигчид Жон Войт, Маршелин Бертран нар билээ.