Том Холланд кино түүхэн дэх хамгийн өндөр гонорартай Хүн-Аалз болохоор байна

0 comments
Том Холланд

Холливудын жүжигчин Том Холланд Хүн-Аалзын тухай шинэ бүтээлээсээ рекорд хэмжээний гонорар авахаар болоод байгаа бөгөөд энэ нь түүнийг кино урлагийн түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлоготой Питер Паркер болгож магадгүй юм.

Супер баатрын шинэ киноны өндөр амжилт нь зөвхөн кассын орлогод төдийгүй гол дүрийн жүжигчний санхүүгийн боломжид мэдэгдэхүйц нөлөөлжээ. Барууны хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, “Spider-Man: Brand New Day” кино нээлтээ амжилттай хийсний дараа Том Холланд 20-оос 25 сая ам.долларын гонорар авахаар горилож байна. Энэхүү дүнгийн багагүй хувийг кино театруудын кассын орлогоос хамаарах урамшуулал бонус эзэлж байгаа бөгөөд үзэгчдийн сонирхол үргэлжилбэл түүний авч буй нийт ашиг улам нэмэгдэх боломжтой аж.

Daily Mail сонины мэдээлснээр жүжигчний эцсийн цалин болон бонусын хэмжээ нь тус киноны бодит кассын орлогын амжилтаас шууд хамаарах юм.

Энэхүү өндөр дүнтэй гэрээ нь түүний Marvel-ийн ертөнцөд гаргасан амжилтын зүй ёсны үргэлжлэл гэж хэлж болно. Анх тэрээр Питер Паркерын дүрээр “Ахмад Америк: Иргэний дайн” кинонд гарахад ердөө 250 мянга орчим ам.долларын цалин авч байв. Араас нь “Хүн-Аалз: Гэртээ эргэн ирсэн нь” бие даасан киноны дараа кассын урамшуулалтайгаа нийлээд 1.5 сая ам.доллар авсан бол “Гэрээсээ хол” ангиас 4 сая, асар том амжилт олсон “Гэртээ харих замгүй” киноноос ойролцоогоор 10 сая ам.долларын ашиг олсон байна.

Том Холланд кино түүхэн дэх хамгийн өндөр гонорартай Хүн-Аалз болохоор байна

Ийнхүү таамаглаж буй тоо баримтууд биелвэл Том Холланд дэлхийн кино түүхэнд хамгийн өндөр цалинтай Хүн-Аалзын жүжигчин гэдгээ албан ёсоор баталгаажуулна.

Харьцуулж үзвэл, өмнөх үеийн Хүн-Аалзын дүрийг бүтээсэн жүжигчид харьцангуй даруухан цалин авч байжээ. Эндрю Гарфилд эхний киноноосоо 500 мянга орчим ам.доллар, харин дараагийн ангиас 1–2 сая ам.доллар авсан байдаг. Анх 2002 онд Питер Паркерын дүрийг дэлгэцнээ амилуулсан Тоби Магуайр анхны киноноосоо 4 сая ам.долларын гонорар авч байв. Тухайн үедээ энэ нь маш өндөр үзүүлэлт байсан ч өнөөгийн супер баатруудын гэрээний дүнтэй харьцуулахад бага харагдаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй