Хүүхдүүд уруул дээрээ “сахал” зураад интернетийн насны хяналтыг хуурч байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
зурсан сахал

Британийн хүүхдүүд интернетийн насны хяналтыг “зурсан сахал” зэрэг маш энгийн аргуудаар тойрч гарч байгаа тухай The Register мэдээллээ.

Их Британид “Интернетийн аюулгүй байдлын тухай хууль” хэрэгжиж эхлээд хэдэн сар болж байгаа ч түүний бодит хэрэгжилт асуулт дагуулсаар байна. Internet Matters байгууллагын судалгаагаар, насанд хүрээгүй хэрэглэгчдийн дийлэнх нь одоогийн шүүлтүүрүүдийг ноцтой саад гэж үзэхгүй байгаа аж.

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн бараг тал хувь нь нас шалгах системийг “амархан тойрч гарч болдог” гэж тодорхойлсон бол гуравны нэг орчим нь хязгаарлалтыг амжилттай давснаа хүлээн зөвшөөрчээ. Тэдний ашиглаж буй аргууд дунд төрсөн огноогоо худал мэдүүлэх, камерын өмнө өөр хүний зураг эсвэл видео тоглоомын баатрын дүрсийг харуулах, түүнчлэн насанд хүрсэн хүн шиг харагдахын тулд гадаад төрхөө энгийн аргаар өөрчлөх зэрэг заль мэхүүд багтаж байна.

Үүнээс гадна эцэг эхчүүдийн хандлага нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Судалгаагаар насанд хүрэгчдийн 17% нь хүүхдүүддээ хязгаарлалтыг давахад шууд тусалдаг бол 9% нь ийм үйлдлийг нь зүгээр л тоолгүй өнгөрөөдөг байна. Үүний үр дүнд насанд хүрээгүй хэрэглэгчдийн тал орчим хувь нь сүүлийн үед ямар нэг байдлаар хор хөнөөлтэй контенттой таарчээ. Үүнд шүүлтүүрийг тойрч гарах оролдлого хийгээгүй хүүхдүүд ч мөн багтсан байна.

Internet Matters-ийн тэргүүн Рэйчел Хаггинс зохицуулах байгууллагууд болон технологийн компаниудыг хамгаалалтын арга хэмжээгээ чангатгахыг уриалав. Түүний хэлснээр, аюулгүй байдлын үр дүнтэй механизмуудыг дижитал үйлчилгээнд анхнаас нь суулгаж өгөх ёстой бөгөөд дараа нь нэмэлт байдлаар хийх нь үр дүн муутай байдаг аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй