HBO компани Харри Поттер болон түүний найзуудын тухай өгүүлэх шинэ цувралаа хоёрдугаар бүлэг хүртэл сунгахаар шийдвэрлэж, шүтэн бишрэгчдээ гайхшруулав. Эхний бүлгийн ажил одоо ч үргэлжилж байгаа бөгөөд дараагийн бүлгийн зураг авалтыг энэ намар эхлүүлэхээр төлөвлөж байгаа тухай “Hollywood Reporter” болон “Variety” сэтгүүлүүд мэдээллээ.
Төслийн хоёр дахь шоураннераар (төслийн удирдагч) эхний бүлгийн зохиолч Жон Браун ажиллахаар болжээ. Тэрээр өмнө нь “Succession” (Залгамжлагчид), “Misfits” (Ад үзэгдэгсэд) болон “The Franchise” цувралууд дээр ажиллаж байсан туршлагатай юм. Тэрээр Франческа Гардинертай (“His Dark Materials”, “Medici”) хамтран төслийг гардан чиглүүлнэ.
Warner Bros. компанийн бүтээж буй уг цувралын нээлт энэ оны сүүлчээр болох тов гарчээ. Өнгөрсөн гуравдугаар сард цацагдсан тус цувралын трейлер нь HBO болон HBO Max платформын түүхэнд хамгийн их үзэлттэй видеогоор тодорсон юм.
Британийн зохиолч Ж.К.Роулингийн долоон боть номоос сэдэвлэн бүтээж буй тус цуврал нийт долоон бүлгээс бүрдэх бөгөөд бүлэг бүр нь нэг номын үйл явдлыг өгүүлэх аж. Зохиолч Ж.К.Роулинг өөрөө төслийн гүйцэтгэх продюсероор ажиллаж байна.