Table of Contents
CS2-ын “BC.Game” багт нэгдээд буй монгол тамирчин Б.Аюуш (mzinho) багийнхаа албан ёсны YouTube сувагт өгсөн ярилцлагадаа шинэ бүрэлдэхүүний ирээдүйн төлөвлөгөө болон хувийн эрмэлзлийнхээ талаар нээлттэй хуваалцлаа. Тэрбээр дэлхийн шилдэг тоглогч s1mple-тэй хамт цом өргөх, чансаагаа ахиулах том зорилго өвөртлөн бэлтгэлдээ гарчээ.
Дэлхийн топ багуудын эгнээнд орох шат дараалсан төлөвлөгөө
Дэлхийн чансааны 200 орчимд бичигдэж буй “BC.Game” баг замналаа бүрэн шинээр эхлүүлж байгаа ч тэдний амбиц багагүй. Одоогийн байдлаар тэдний хамгийн эхний сорилт бол “PGL Major Singapore 2026” тэмцээний эрх авахад шаардлагатай VRS оноог цуглуулах явдал юм.
Б.Аюушийн мэдээлснээр, баг нь эхний шатанд дэлхийн шилдэг 15 багийн тоонд багтаж, томоохон турнирт шууд уригддаг болохыг зорилго болгожээ. Аажмаар энэ амжилтаа ахиулан, дэлхийн топ-10-ын эгнээнд баттай зогсож, бүхий л нэр хүндтэй тэмцээнүүдэд тасралтгүй өрсөлдөх нь тэдний алсын хараа аж.

Дэлхийн аваргуудаас бүрдсэн олон улсын бүрэлдэхүүн
Залуу тамирчны туршлага судалж, өөрийгөө сорих шинэ орчин нь Major тэмцээний аваргууд болон Монголын авьяаслаг тамирчдаас бүрдсэн дараах бүрэлдэхүүн юм.
- Туршлагатай ахмад тоглогчид: Эмиль “Magisk” Рейф, Денис “electroNic” Шарипов, Александр “s1mple” Костылев
- Монгол тамирчид: Азбаяр “Senzu” Мөнхболд, Аюуш “mzinho” Батболд
- Дасгалжуулагч: Виктор “TaZ” Войтас
Салбарын мэргэжилтнүүд ба өрсөлдөгчдийн байр суурь
“BC.Game”-ийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүний талаар киберспортын шинжээчид болон мэргэжлийн тамирчид өөр өөрсдийн таамгийг дэлгэжээ.
- Дункан “Thorin” Шилдс: Бүрэлдэхүүнээ цуглуулахад багагүй хугацаа зарцуулсан ч тун сонирхолтой бүрэлдэхүүн болж чадлаа. 2027 он гэхэд тэд аюултай өрсөлдөгч болно гэж дүгнэв.
- Леонид “chopper” Вишняков: Нэр хүндээс илүү багийн сайн уур амьсгал, хөдөлмөрч чанар тэдэнд амжилт авчирна. Шилдэг 10-т багтах бүрэн боломжтой.
- Илья “m0NESY” Осипов: Монголын хоёр шилдэг тамирчныг эгнээндээ нэгтгэсэн хүчирхэг бүрэлдэхүүн. Хамгийн гол нь тэд нэгэн цул хамт олон болж төлөвших нь чухал.
- Алекс “Mauisnake” Элленберг: Тэд маш ухаалаг сонголт хийсэн. Шинэ гишүүдийн тусламжтайгаар чансаагаа богино хугацаанд ахиулж, доод тал нь топ-25-д хялбархан багтана.