Б.Одмандах Кыргызстанд болох “Meikin Asia” олон улсын наадамд өрсөлдөнө

0 comments
Б.Одмандах

Бүгд Найрамдах Киргиз Улсын Иссык-Куль нуурын хөвөөнд өнөөдөр /2026.08.31/ “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадам эхэлж байна. Энэхүү наадамд Монгол Улсаас Улсын филармонийн “Морин хуурын чуулга”-ын флейт хөгжимчин, “Баянмонгол чуулга”-ын дуучин Б.Одмандах эх орноо төлөөлөн оролцохоор зориод байна.

Наадмын онцлог ба өрсөлдөөний төрөл

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмыг энэ жил Дэлхийн нүүдэлчдийн VI дахь наадмын соёлын хөтөлбөрийн хүрээнд “Нүүдэлчдийн цуурай” нэртэйгээр зохион байгуулж байна. Бактуу-Долоноту ипподромын тайзнаа Монгол, Киргиз, Казахстан, Орос, Турк, Куба, Мексик, Итали, АНУ, Испани, Өмнөд Солонгос зэрэг 20 орны 21 уран бүтээлч дараах хоёр төрөлд хоёр дууны бүтээлээр өрсөлдөнө:

  • “Ethno Hit” (Үндэсний хит): Үндэсний хэл дээрх бүтээлүүдийг орчин үеийн найруулгатайгаар толилуулах,
  • “World Hit” (Дэлхийн хит): Олон улсын шилдэг бүтээлүүдийг өвөрмөц найруулга, тайлбартайгаар хүргэх.

Соёлын өв ба зорилго

Чолпон-Ата хотноо болж буй тус наадмыг зохион байгуулагчид Төв Ази, Европ, Ойрх Дорнодын уламжлалт нүүдэлчдийн соёлын өв, язгуур хөгжмийг этно-поп, фолк-рок, электро зэрэг орчин үеийн урсгалуудтай хослуулан дэлхийд танилцуулах зорилго тавжээ. Наадмын шилдэг ялагчийг ирэх есдүгээр сарын 6-ны өдөр тодруулах юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй