Сүүлийн өдрүүдэд зэрлэг баавгай иргэдийн суурьшлын бүс рүү нэвтрэх тохиолдол олноор гарах боллоо. Тухайлбал, Хэнтий болон Дорнод аймгуудын нутагт баавгай айлын гэр рүү дайрах болон сумын төв орчимд үзэгдсэн хэргүүд дараалан гарчээ.
Суурьшлын бүсэд гарсан тохиолдлууд
2026 оны наймдугаар сарын 28-наас 29-нд шилжих өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг, Эгийн Бүрхийн төгөл гэх газарт баавгай айлын гэр рүү дайрч, эвдэж сүйтгэсэн хэрэг гарсан юм.
Түүнчлэн өнөөдөр буюу наймдугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга М.Баттулга сумынхаа нутагт баавгай орж ирээд тал руу гарч буй дүрс бичлэгийг цахим хуудастаа нийтэлжээ. Тэрбээр “Баавгай сумын нутагт орж ирээд тал руугаа гарчих юм. Энийг яах ёстой юм бэ. Хүн, мал амьтан руу дайрчих вий дээ” хэмээн сэрэмжлүүлж, сэтгэгдлээ хуваалцсан байна.
Уг асуудлаар одоогоор холбогдох төрийн байгууллагаас албан ёсны мэдээлэл, сануулга гаргаагүй байна. Иймд хөдөө орон нутагт зорчиж буй иргэд, аялагчид зэрлэг амьтан, тэр дундаа баавгайтай холбоотой эрсдэлээс сэрэмжилж, сонор сэрэмжээ дээшлүүлэх шаардлагатай байна.