Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын шинжилгээнээс допингийн төрлийн хориотой бодис илэрсэн билээ. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, түүнд олгосон “Улсын гарди” цолыг хураах шийдвэр гаргаад байсан юм.
Гэвч Н.Өсөхбаяр уг шийдвэрийг эсэргүүцэн Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхэд гомдол гаргаснаар асуудал өөрөөр эргэв. Арбитрын шүүхээс “2025 оны долоодугаар сарын 12-ны өдөр Н.Өсөхбаяраас допингийн дээж авах явцад Олон улсын стандартыг ноцтой зөрчсөн, илт гажсан үйлдэл гаргасан” гэж дүгнэжээ. Ийнхүү дээж цуглуулах ажиллагаанд алдаа гарсан гэж үзсэн тул тухайн шинжилгээний хариу болон түүнтэй холбоотой эрх зүйн үр дагаврыг хүчингүй болгох нөхцөл бүрдээд байна.
Арбитрын шүүхийн энэхүү шийдвэр бөхийн хүрээнийхний дунд хүчтэй шүүмжлэл дагууллаа. Тухайлбал:
- Улсын харцага Б.Цэдэнсодном: “Монгол бөхөд допинг гэх зүйлийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн түүхэн өдөр боллоо” хэмээн өөрийн цахим хуудаснаа харамсан бичжээ.
- Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар: “Үнэн, худал хоёрын аль нь ялчхав даа. Цаашид барилдаад байх шаардлага байна уу” хэмээн бухимдлаа илэрхийлэв.
Бөхчүүдийн зүгээс допингийн эсрэг тэмцэл ийнхүү суларч байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байна. Н.Өсөхбаярын цолыг сэргээх эсэх асуудал одоо олны анхаарлын төвд байна.