Францын алдарт жүжигчин Венсан Кассель өөрийн залуу амраг, Австралийн модель Нара Баптистагаас төрсөн хүү Коэтаногийнхоо зургийг анх удаа дэлгэж, 59 настай гэхэд гайхмаар чийрэг бие галбираа гайхуулан шүтэн бишрэгчдээ алмайрууллаа.
Жүжигчин эр “Instagram” хуудастаа Рио-де-Жанейро хотод гэр бүлээрээ амарч буй бичлэг, зургуудаа нийтэлжээ. Тэрээр Бразилийн үзэсгэлэнт байгалийг тольдоод зогсохгүй, Атлантын далайн эрэг дээр цагийг хөгжилтэй өнгөрүүлж байгаа аж. Венсан Кассель нар жаргах үеэр авахуулсан далайн эргийн нэгэн зургаа нийтэлсэн бөгөөд зурган дээр тэрээр өдгөө нэг ой хүрч буй хүү Коэтаногаа тэвэрсэн байв. Гэхдээ жүжигчин хүүгийнхээ нүүрийг “смайли”-аар халхлан нууцлахаа мартсангүй.

Тэрээр зургаа “Коэтаногийн аав” хэмээн товчхон тайлбарлажээ. Гэвч дагагчдынх нь анхаарлыг хүүгээс гадна 59 настай жүжигчний бие бялдар илүүтэй татсан байна. Кассель зурган дээр төмөр мэт хатуу, тод товойсон хэвлийн булчингаа ил гаргажээ. Тэрээр биеийн эрүүл мэнддээ онцгой анхаарч, зааланд шаргуу бэлтгэл хийдэг болох нь эндээс илт харагдаж байв.
Венсан Кассель болон Нара Баптиста нар 2023 оны намар харилцаагаа ил болгосон бөгөөд 2025 оны нэгдүгээр сард хүү Коэтано нь мэндэлсэн юм. Жүжигчин эр үүнээс гадна Италийн нэрт жүжигчин Моника Беллуччи болон Францын модель Тина Кунаки нараас төрсөн охидтой билээ.