Баасан гарагийн 03:00 цагаас хөлбөмбөгийн ДАШТ эхэлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
FIFA World Cup

Хөлбөмбөгийн хамгийн том баяр болох “FIFA World Cup” буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Баасан гарагийн 03:00 цагаас эхлэх гэж байна. 1930 онд анх зохион байгуулагдсан энэхүү тэмцээнийг энэ жил АНУ, Мексик, Канад гэсэн гурван улс хамтран хүлээн авч буйгаараа онцлог юм.

Нээлтийн тоглолт Мексик болон Саудын Араб улсын шигшээ багуудын хооронд болно. Уг тоглолт Монголын цагаар 12-ны өдрийн 03:00 цагаас эхлэх бөгөөд дэлхийн сая сая хөлбөмбөг сонирхогчдын анхаарал энэ тоглолтод төвлөрөхөөр байна.

Энэ удаагийн ДАШТ өмнөх жилүүдийнхээс өргөн хүрээтэй болж байна. Өмнө нь 32 улсын шигшээ баг аваргын төлөө өрсөлддөг байсан бол энэ жил оролцогчдын тоо 48 болж нэмэгджээ.

Тэмцээний үндсэн мэдээлэл:

  • Зохион байгуулагчид: АНУ, Мексик, Канад
  • Оролцох багийн тоо: 48
  • Хэсгийн тоо: 12
  • Нийт тоглолт: 104
  • Үргэлжлэх хугацаа: ирэх долоодугаар сарын 19-нийг хүртэл

48 баг 12 хэсэгт хуваагдан тоглож, аваргын төлөөх өрсөлдөөн шат дараалан үргэлжилнэ. Нийт 104 тоглолт явагдах бөгөөд тэмцээн ирэх долоодугаар сарын 19-нийг хүртэл үргэлжлэх хуваарьтай байна.

Өнгөрсөн 2022 оны ДАШТ-нд Аргентин улс түрүүлж, Франц улс дэд аваргаар шалгарсан билээ. Харин энэ жилийн тэмцээнд Узбекистан, Йордан, Куракао, Капе Верде зэрэг улсууд анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцох гэж байна.

Тэдгээрээс Куракао улс онцгой анхаарал татаж байна. Тус улс 160 мянга орчим хүн амтай бөгөөд ДАШТ-нд шалгарсан улсуудаас хамгийн цөөн хүн амтай улс юм.

Энэ жилийн тэмцээний өөр нэг гол сэдэв нь Кристиано Роналдо болж байна. Алдарт хөлбөмбөгчин ДАШТ-нд сүүлийн удаа оролцох гэж байгаа тул Португал Улсын тоглолтуудын тасалбар асар өндөр үнэ хүрээд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй