Нийслэл Улаанбаатар хот орчмоор маргааш буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 13-ны үдээс хойш их хэмжээний цас орох төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ. Мөн баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар цас ихээр орохыг анхааруулсан байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр арваннэгдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Завхан аймгийн нутаг, Увсын өмнөд болон зүүн хэсэг, Хөвсгөлийн өмнөд хэсгээр их цас орох төлөвтэй байна. Маргааш Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн хойд хэсэг болон Улаанбаатар хот орчмоор их цас орохыг мэдээлжээ.
Харин арваннэгдүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн хойд хэсгээр цас ихээр орох төлөвтэй байна.
Их хэмжээний цас орохтой холбогдуулан зам, талбайд халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул жолооч нарыг тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, хоорондын зайгаа баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулжээ. Мөн иргэдийг халтиргаа гулгаанаас сэрэмжилж, цаг агаарын нөхцөлд тохируулан дулаан хувцаслахыг цаг уурын байгууллагаас зөвлөсөн байна.
