Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, III, IV хорооллын арын өндөрлөг буюу Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га газарт иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан томоохон ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар боллоо. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийт 105 нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатай байгаа бөгөөд үүний 95 нь албан ёсны зөвшөөрөлтэй бол 10 орчим нь зөвшөөрөлгүй ашиглагдаж буй газрууд байгаа ажээ.
Төслийн бэлтгэл ажилтай танилцахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өнөөдөр тухайн байршилд ажилласан юм. Тэрбээр газар чөлөөлөх үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, оршин суугчдад мэдэгдэх хуудас хүргүүлж байгааг дурдлаа. Ирэх долоо хоногоос Газрын тухай хуулийн дагуу тухайн бүсэд өртөж буй хашаа, байшинг үнэлэх хөндлөнгийн үнэлгээний байгууллагыг сонгон шалгаруулах ажил эхлэх бөгөөд үүний дараа иргэдтэй зөвшилцөх шат руу шилжихээр төлөвлөж байна.
Хотын дарга Х.Нямбаатар энэ үеэр хэлэхдээ “Өнөөдрөөс газар чөлөөлөлтийг эхлүүлэхээр айлуудад мэдэгдэл хүргүүлнэ. Газрын тухай хуульд заасны дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн орчмын айлуудын хашаа, байшинг үнэлэх үнэлгээний хөндлөнгийн байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэх юм. Үнэлгээний хөндлөнгийн байгууллагыг сонгон шалгаруулсны дараа айлуудтай зөвшилцөхөөр төлөвлөж байна. Эл өндөрлөгөөс баруун тийш Сонгинохайрхан уул, Эмээлт рүү явах авто зам, урагшаа Зайсангийн ам, зүүн тийш Баянзүрх дүүргийг бүхэлд нь харах боломжтой Улаанбаатар хотын хамгийн харууцтай газрын нэг юм” хэмээн онцолсон юм.
Түүнчлэн тухайн орчмын гэр хорооллын бүсийг дахин төлөвлөлтөд оруулж, орон сууцжуулах томоохон хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тэрбээр нэмж тэмдэглэлээ. Ийнхүү Улаанбаатар хотын хамгийн харууцтай өндөрлөгүүдийн нэг болох Зүүн Наран орчмын бүс иргэдэд зориулсан амралт, зугаалгын шинэ төв болон хувирах нь ээ.