АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Цагаан ордонд мэдээлэл хийх үедээ Ираны эсрэг чиглэсэн “Уур хилэн” ажиллагаа албан ёсоор өндөрлөснийг мэдэгдлээ.
Түүний тайлбарласнаар, уг ажиллагаа нь АНУ болон Израилийн зэвсэгт хүчин хамтран Ираны цэргийн байгууламжуудад цохилт өгсөн эхний шатны ажиллагаа бөгөөд тавьсан зорилгодоо бүрэн хүрсэн байна. Тэрээр “Уур хилэн ажиллагаа дууссан. Бид энэ ажиллагааны зорилтуудыг биелүүлсэн” хэмээн онцолж, Ирантай үүсээд байсан шууд мөргөлдөөний үе шат ийнхүү зогсож байгааг баталсан юм.
Мөн Ерөнхийлөгч Д.Трамп цаашид цэргийн ажиллагааг эрчимжүүлэхээс илүүтэйгээр Ираны талтай хэлэлцээрийн замаар асуудлыг шийдвэрлэх сонирхолтой байгааг Төрийн нарийн бичгийн дарга дурдлаа. Үүний нэг гол хэсэг нь Ормузын хоолойг олон улсын тээвэрлэлтэд бүрэн нээлттэй байлгах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах санал юм. Марко Рубио энэ талаар “Энэ бол Ерөнхийлөгчийн илүүд үзэж буй зам. Гэвч одоогоор Ираны тал энэ чиглэлийг сонгоогүй байна” хэмээн мэдэгдэж, Тегераны зүгээс дипломат алхам хийхийг хүлээж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC