Дорнод аймагт байрлах хилийн цэргийн 0132 дугаар ангид алба хааж байсан долоон байлдагчийг эрүүл мэнд, сэтгэцийн шалтгаанаар нэг дор албанаас чөлөөлсөн үйл явдал олны анхаарлын төвд байна. Тэдгээр цэргүүд нь 2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар эрүүл мэндийн үзлэгт тэнцэн тус ангид хуваарилагдаад байжээ. Тус ангийн захирагч, хурандаа Б.Гантөмөр энэ талаар тайлбарлахдаа, Засгийн газрын 140 дугаар тогтоолд заасан аутизм, венийн судасны үрэвсэл, зүрхний хэм алдалт, хамрын хөндийн идээт үрэвсэл зэрэг онош болон сэтгэл зүйчийн дүгнэлтийг үндэслен цэргүүдийг хуулийн дагуу чөлөөлсөн бөгөөд ямар нэгэн дарамт, хүч хэрэглэсэн зөрчил гараагүй хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм.
Хэдийгээр удирдлагуудын зүгээс хүчирхийллийг үгүйсгэж байгаа ч тус ангийн байлдагч З эрүү нь хугарсан оноштойгоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай ноцтой мэдээлэл ил боллоо. Найдвартай эх сурвалжуудын мэдээлж буйгаар, 2026 оны тавдугаар сарын 14-ний өдөр жагсаалын талбайд байхад нь салааны захирагч, ахлагч Б.Тэмүүжин биед нь халдсаны улмаас байлдагч З ухаан алдан унахдаа хүнд гэмтсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэрэгт холбогдоод буй ахлагч Б.Тэмүүжин нь өмнө нь Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллаж байгаад 2025 оны есдүгээр сард тус ангид хөгжимчнөөр шилжин томилогдсон нэгэн аж.
Хохирогч байлдагч З ар гэрийнхэндээ хандахдаа, ахлагч Б.Тэмүүжин нь өөрийгөө “Генералын хүү”, “хаана цохиулахаа өөрөө сонго” хэмээн занаж, байнгын дарамт шахалт үзүүлдэг байсныг хэлсэн байна. Албан бус эх сурвалжийн уламжилсан эрүүл мэндийн урьдчилсан оношоор байлдагчийн биед дараах хүнд гэмтлүүд үүсжээ:
- Эрүүний хэсэгт ил шарх үүссэн бөгөөд дээд, доодын араа шүднүүд хугарсан.
- Чихнээс цус гарсан шинж тэмдэгтэй, зүүн чамархайн ясандаа хугарал авсан.
Уг хэрэг явдлыг ХХЕГ болон Хилийн 0132 дугаар ангийн удирдлагуудын зүгээс анхнаасаа нуун дарагдуулахыг оролдсон байж болзошгүй гэх хардлага олон нийтийн дунд үүсээд байна. Учир нь тэд хохирогчийн ар гэрийнхэнд огт мэдэгдэлгүйгээр байлдагч З-г Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт нууцаар шилжүүлэн хэвтүүлсэн байжээ. Хүний эрх, цэргийн амь настай холбоотой тус хэргийн эргэн тойрон дахь үйл явдлыг бид цаг алдалгүй үргэлжлүүлэн мэдээлэх болно.