Голливудын алдарт жүжигчин Брэд Питт өөрөөсөө 26 насаар дүү, үнэт эдлэлийн брэндийн вице-президент Инес де Рамонтой гэрлэсэн байж магадгүй тухай яриа цахим орчинд олон нийтийн анхаарлыг татаад байна.
“Питтийнхэн” гэх үг ба нууцлаг тайлбар
62 настай жүжигчний хувийн амьдралын талаарх шинэ цуу яриа “Esquire” сэтгүүлд өгсөн ярилцлагынх нь дараа дэгджээ. Ярилцлагын үеэр сэтгүүлч Райан Д’Агостино жүжигчний зочломтгой байдлыг нь онцолж, энд түүнийг хаан мэт хүндэтгэн хүлээн авч байгааг дурдахад Брэд Питт: “Энэ бол Питтийнхний гэрт байдаг л нэг ердийн өдөр” хэмээн товчхон хариулжээ.
Энэ нь энгийн нэг хариулт мэт санагдаж болох ч шүтэн бишрэгчид нь үүнд далд утга байгааг анзаарсан тухай “Hello” сэтгүүл мэдээлэв. Тэрээр овгоо олон тоон дээр хэлсэн нь Инес де Рамонтой нууцаар гэрлэж, бүсгүй түүний овгийг авсан байж болзошгүй гэсэн таамаглал үүсгэсэн байна.
Хосуудын харилцаа ба нууцлаг байдал
Хосууд одоогоор энэхүү таамгийг баталгаажуулаагүй ч бас няцаагаагүй байна. Тэдний гэрлэлтийн талаарх цуу яриа эртнээс гарсан бөгөөд хоёул хувийн амьдралаа олон нийтэд дэлгэхээс зайлсхийдэг юм.
Брэд Питт, Инес де Рамон нар 2022 оноос болзож эхэлсэн бөгөөд одоо хамт амьдарч байгаа билээ. Түүний найз бүсгүй жүжигчний Лос-Анжелес дахь тансаг харш руу хэдийн нүүж очсон юм.
