Японы TBS телевизийн томоохон төсөвтэй бүтээлүүдийн нэг “VIVANT” олон ангит кино Азийн стриминг зах зээлд дахин өндөр үзүүлэлт гаргажээ. “ampd Analytics”-ийн сарын чансаагаар тус цуврал Хятад, Энэтхэгийн зах зээлийг тооцохгүйгээр Азийн бусад оронд үзэлтээрээ тэргүүлсэн байна.
Судалгааны байгууллагын мэдээлснээр Японы олон ангит кино бүсийн сарын стримингийн жагсаалтыг тэргүүлсэн анхны тохиолдол энэ болжээ. Ингэснээр “VIVANT” Японы дотоодын үзэгчдээс гадна Азийн бусад орны стриминг хэрэглэгчдийн анхаарлыг татсан бүтээл болж байна.
“ampd Analytics”-ийн тэмдэглэснээр нэг улсын зах зээлд, нэг платформ дээр, нэг сарын хугацаанд 10 саяас дээш үзэгч татсан контент өмнө нь тун цөөн бүртгэгдсэн байна. Тэдгээрийн тоонд Netflix-ээр цацагдсан Дэлхийн бейсболын аварга шалгаруулах тэмцээний Японы нэвтрүүлгүүд болон Өмнөд Солонгосын “Teach You a Lesson” олон ангит кино багтжээ.
“VIVANT”-ийн сүүлийн үзүүлэлт нь Азийн стриминг зах зээлд Японы драмын эзлэх байр суурь тэлж байгааг харуулсан тоон үр дүн болж байна. Ялангуяа олон улсын жүжигчдийн бүрэлдэхүүн, өргөн цар хүрээтэй үйл явдал нь цувралыг Японоос гадуур сонирхох нэг шалтгаан болсон гэж эхэд онцолжээ.
Монгол жүжигчид голлох дүрүүдэд тоглосон
Тус бүтээлд Монголын жүжигчин Б.Батболдын Барслхагва, Г.Эрхэмбаяр, Х.Цасчихэр болон бяцхан жүжигчин Х.Нандин-Эрдэнэ нар оролцсон. Тэд Японы нэрт жүжигчид Сакай Масато, Абэ Хироши нартай хамтран гол болон чухал дүрүүдийг бүтээсэн байна.
Монгол жүжигчдийн оролцоо цуврал анх цацагдах үеэс Япон болон Монголын үзэгчдийн анхаарлыг татаж байжээ. Тэдгээрээс Б.Барслхагвагийн бүтээсэн цагдаагийн офицер Чингис дүр хамгийн их яригдсан дүрүүдийн нэг болсон байна.
Чингисийн дүр сошиал орчинд дахин яригдаж эхэлжээ
Чингисийн дүр нь зан төрх, жүжиглэлт болон үйл явдалд эзлэх байр сууриараа Японы үзэгчдийн дунд танигдаж, цувралын цацалтын үеэр сошиал орчинд өргөн хэлэлцэгдэж байв. Харин “VIVANT” стримингийн бүсийн чансааг тэргүүлснээр Б.Барслхагвагийн бүтээсэн дүр дахин олны анхааралд оржээ.
Ийнхүү “VIVANT” Азийн стримингийн зах зээлд өндөр үзүүлэлт гаргахын зэрэгцээ тус бүтээлд оролцсон Монголын жүжигчдийн дүрүүдийг шинэ үзэгчдэд дахин хүргэж байна.

