Table of Contents
Аргентины Буэнос-Айрес хотын ойролцоо зохион байгуулсан “Straycity” фестивалийн үеэр 16 настай охин гэнэт бие нь муудан, эмнэлэгт хүргэгдсэний дараа нас баржээ. Тэрбээр Stray Kids хамтлагийн тоглолтын талбайд нэвтрэх үеэрээ бие тавгүйрхсэн талаар Аргентины хэвлэлүүд мэдээлсэн байна.
Энэ явдал есдүгээр сарын 14-нд буюу тус хамтлагийн Буэнос-Айрест хийхээр товлосон хоёр тоглолтын эхний өдөр болжээ. Нас барсан охин Stray Kids-ийн шүтэн бишрэгч байсан бөгөөд тоглолт үзэхээр фестивалийн талбайд ирсэн байжээ.
Эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадсангүй
Охины бие муудмагц арга хэмжээний талбайд ажиллаж байсан эмнэлгийн баг анхны тусламж үзүүлсэн байна. Үүний дараа түүнийг ойролцоогоор 400 метрийн зайд орших Сан-Исидро хотын төв эмнэлэгт яаралтай хүргэжээ.
Эмнэлгийн ажилтнууд сэхээн амьдруулах арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй байна. Урьдчилсан задлан шинжилгээгээр нас баралт нь гаднын гэмтлээс шалтгаалаагүй бөгөөд зүрхний дутагдалтай холбоотой байж болзошгүй гэж үзжээ.
Гэхдээ үхлийн эцсийн шалтгаан хараахан тогтоогдоогүй байна. Шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээнд зориулан дээж авч, охины бие яагаад гэнэт муудсан болон нас баралтад хүргэсэн нарийн нөхцөлийг үргэлжлүүлэн тогтоож байгаа аж.
Зохион байгуулагчид эмгэнэл илэрхийлэв
“Straycity” фестивалийг зохион байгуулж буй DF Entertainment болсон явдалтай холбогдуулан мэдэгдэл гаргасан байна. Тус компани талийгаачийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, ар гэрийнхэнтэй нь холбоотой ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах болон холбогдох бусад ажиллагаанд эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж буйгаа мэдэгджээ.
Нас баралтын талаарх мэдээлэл мягмар гарагт нийтэд хүрсний дараа тоглолтын үеэр охины дурсгалыг хүндэтгэсэн байна. Тайзны дэлгэцээр испани, англи хэлээр эмгэнэлийн үг гаргаж, үзэгчдийг нэг минут чимээгүй зогсохыг хүсжээ.
“Straycity” аялан тоглолт үргэлжилж байна
Bang Chan, Lee Know, Changbin, Hyunjin, Han, Felix, Seungmin, I.N нарын бүрэлдэхүүнтэй Stray Kids 2018 онд JYP Entertainment-ийн харьяанд уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Тус хамтлаг одоо Латин Америкийг хамарсан “Straycity” фестивалийн тоглолтуудад оролцож байгаа юм.
Хуваарийн дагуу аялан тоглолтын дараагийн хэсэг Мексикийн нийслэл Мехико хотод есдүгээр сарын 25, 26-нд үргэлжлэхээр байна.
