Цахим орчны од болсон чанга дуут мэлхий дэлхий дээрээс устах аюулд оржээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Цахим орчны од болсон мэлхий устах аюулд оржээ

Өвөрмөц нарийн дуугаараа цахим орчинд шуугиан тарьж, од болоод байсан цөлийн борооны мэлхий (desert rain frog) устах аюулд оржээ. Энэ талаар Байгаль хамгааллын олон улсын холбооны (IUCN) мэдээллээс иш татан BBC агентлаг дамжууллаа.

Амьдрах орчны хомсдол ба уул уурхай

Уг мэлхийг мөхөх өндөр эрсдэлтэй төрөл зүйлийн дэлхийн хэмжээний жагсаалтад оруулсан байна. Тэрээр зөвхөн Африкийн өмнөд хэсгийн элсэн манхны нарийн зурваст элсэнд шургаж амьдардаг аж. Ойрын хорин жилийн хугацаанд тэдний амьдрах орчинд заналхийлж буй очир эрдэнийн олборлолт болон эрчим хүчний нөөцийг ашиглах төлөвлөгөөний улмаас энэ төрөл зүйлийн тоо толгой 20 хувиар буурна гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

Лондонгийн Амьтан судлалын нийгэмлэгийн хоёр нутагтан, мөлхөгчдийн куратор Бенжамин Тэпли “Энэхүү өвөрмөц төрхтэй мэлхий нь өөрийн алдар нэрний золиос болж болзошгүй” хэмээн мэдэгдэв.

“Anura Africa” байгаль хамгааллын бүлгийн эрдэмтэн Алекс Лоуренс хэлэхдээ, эдгээр мэлхий ердөө 10 км орчим өргөнтэй элсэн манханд амьдардаг бөгөөд зөвхөн хооллох, амьсгалахын тулд гадаргуу дээр гарч ирдэг гэлээ. Тэрээр “Хэрэв амьдрах орчин нь өөрчлөгдвөл энэ төрөл зүйлд далайн эрэг дагуу өөр тийш нүүх боломж байхгүй” гэж тайлбарлав.

Устах аюултай бусад төрөл зүйлүүд

Мөн нэн аюултай төрөл зүйлийн жагсаалтад далайн ёроолын хэт халсан халуун рашааны дэргэд амьдардаг жижигхэн эмгэн хумс багтжээ. Далайн ёроолоос ашигт малтмал олборлож эхэлснээс үүдэн тэд мөхөх аюулд орсон байна.

Байгаль хамгааллын олон улсын холбоо нийт 176,000 орчим ургамал, амьтан, мөөгөнцрийн статусыг үнэлснээс 49,500-ийг нь устах аюулд орсон төрөл зүйлийн жагсаалтад бүртгэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй