Камертон хамтлагийн дуучин, төрийн соёрхолт Д.Болд наймдугаар сарын 15-нд “Хайрын хүч” нэртэй бие даасан тоглолтоо үнэ төлбөргүй зохион байгуулахаар болжээ. Тэрбээр уг тоглолтоороо дамжуулан хайр, урам, эерэг хандлагыг олон нийтэд түгээх зорилготой байгаагаа мэдэгдсэн байна.
Тоглолтыг үнэ төлбөргүй үзэхийн тулд үзэгчид “Uram” аппликейшныг татаж, өөрийн хүссэн хүндээ урмын үг хэлж буй гурван видео бичлэгээ байршуулах шаардлагатай аж. Үүний дараа тоглолтын тасалбарын QR ирэх юм байна.
Тасалбар авах нөхцөл:
- “Uram” аппликейшн татах;
- Хүссэн хүндээ урмын үг хэлсэн гурван видео бичлэг байршуулах;
- Тоглолтын тасалбарын QR хүлээн авах.
Д.Болд уг тоглолтоо зөвхөн хөгжмийн арга хэмжээ бус, нийгэмд эерэг өөрчлөлт эхлүүлэх санаачилга гэж тодорхойлжээ. Тэрбээр хөгжмөөр дамжуулан хүмүүсийг ойр дотнынхондоо хайр, талархал, урам зориг илэрхийлэхийг уриалж байна.
Энэ тухай тэрбээр өөрийн “Хөгжим бол зөвхөн сонсох зүйл биш, өөрчлөлтийг эхлүүлэх хүч юм. Би хөгжмөөр дамжуулан нийгэмд эерэг нөлөө, сайн сайхан, биесээ хайрлах цэнийг түгээх шинэ алхмаа эхлүүлж байна. Миний тоглолт үнэ төлбөргүй бөгөөд та ойр дотнын хэн нэгэндээ “Хайртай шүү” гэж хэлээд ирэхэд л болно” гэжээ.