Сэтгэлийн зүгт ниссэн аялгуу: МУГЖ Т.Баясгалан “Усны шувууд” дуугаа шинэчлэн хүргэлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
МУГЖ Т.Баясгалан “Усны шувууд” дуугаа шинэчлэн дууллаа

Монгол Улсын Гавьяат жүжигчин, нийтийн дууны урлагийн тод төлөөлөл Т.Баясгалан дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгт монголчууддаа зориулан “Усны шувууд” хэмээх шинэ уран бүтээлээ сонсогчдын хүртээл болгож, сэтгэлийн бэлэг барилаа.

Энэхүү бүтээл нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровын алдартай сод бүтээлүүдийн нэг юм. Дуучин Т.Баясгалан уг бүтээлийг амьд хуур хөгжмийн гайхамшигт дуугаралттайгаар дахин амилуулан туурвижээ. Тэрбээр харийн тэнгэр дор олон жилийг өнгөрөөж буй монголчуудынхаа нутгаа гэсэн тэмүүлэл, зүрхний гүн дэх нандин сэтгэлийг ийнхүү хөгжмийн эгшгээр хөндөхийг зорьсон байна.

Дуучин Т.Баясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан шинэ уран бүтээлийнхээ утга учрыг ийнхүү тайлбарлажээ:

“Хүн хаана ч явсан сэтгэлийнхээ зүгт үргэлж нисдэг. Харийн тэнгэр дор олон жилийг өнгөрөөсөн ч эх нутгийн салхи, ээжийн үнэр, төрсөн газрын шороо зүрхэнд хамгийн ойр хэвээр байдаг билээ. Усны шувууд улирал даган нутагтаа эргэн ирдэг шиг хүний сэтгэл ч эх орон руугаа үргэлж тэмүүлж байдаг гэдэгт би итгэдэг. Амьд хуур, нутгийн эрхэм ах Нацагийн Жанцанноровын “Усны шувууд” бүтээлийг дахин туурвин, эх дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элгэн садан та бүхэндээ зориулж байгааг минь хүлээн авна уу”

Нутгаа санасан монгол хүн бүрийн зүрхэнд хүрэх “Усны шувууд” дуу нь ийнхүү шинэ өнгө төрх, амьд хөгжмийн дуугаралттайгаар албан ёсоор цацагдаж эхэллээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй