Гиннессийн дээд амжилтуудын эзэн, Өмнөд Солонгосын алдартай дуучин PSY (Пак Жэ Санг) гуравдагч этгээдээр дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хүлээн авсан хэрэгт буруутгагдан, яллагдагчаар татагджээ. Түүний хэргийг энэ сарын 1-ний өдөр Сөүл хотын Баруун дүүргийн прокурорын газар руу албан ёсоор шилжүүлсэн байна.
Эмнэлгийн тухай хууль зөрчсөн нөхцөл байдал
Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгсэл (MBC)-ийн мэдээлснээр, их сургуулийн эмнэлгийн профессор, дуучин PSY болон түүний менежер зэрэг нийт дөрвөн хүнийг Эмнэлгийн үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж дуусчээ. Тус улсын хуулиар донтуулах, хамаарал үүсгэх өндөр эрсдэлтэй сэтгэцэд нөлөөт эмийг заавал эмчтэй биечлэн уулзаж, үзүүлж байж жороор авах журамтай байдаг.
Гэвч PSY нь 2022 оноос хойш өөрийн менежер болон бусад гуравдагч этгээдийг ашиглан, эмчийн гар дээрээс биш дамжуулан авч байсан нь тогтоогдсон байна. Түүний хэрэглэж байсан эмүүд нь нойргүйдэл, сэтгэл түгшилт, депрессийн үед уудаг Xanax болон Stilnox зэрэг хүчтэй сэтгэцэд нөлөөт эмүүд байжээ.
Харьяа агентлагийн тайлбар болон нэгжлэг
Түүний үүсгэн байгуулсан P Nation агентлагийн зүгээс уг асуудалд албан ёсны тайлбар хийж, хайхрамжгүй алдаа гаргаснаа хүлээсэн байна. Тэд тайлбартаа ийнхүү өчжээ:
“Нойрсуулах эмийг өөр хүнээр дамжуулж авхуулсан нь бидний хайхрамжгүй байдал, томоохон алдаа байлаа. Бид уг эмийг бусдын нэрийг ашиглан хууль бусаар аваагүй. PSY нь нойрны архаг өөрчлөлттэй тул эмчийн заавраар дээрх эмүүдийг тогтмол хэрэглэдэг байсан бөгөөд зөвхөн цар тахлын үеэр зөвшөөрөгдсөн зайнаас тусламж авах, жор бичүүлэх горимыг ковидын дараа ч үргэлжлүүлэн хэрэглэсэн нь хууль зөрчих шалтгаан боллоо”
Хэргийг мөрдөх явцад цагдаагийн байгууллагаас P Nation агентлагийн төв оффис болон дуучны гар утсанд гэнэтийн нэгжлэг хийсэн бөгөөд одоогоор прокурорын шатанд нийт 5-6 хүнийг холбогдуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.