ДАШТ-2026: Нээлтийн ажиллагаанд дуурийн нэрт дуучин Андреа Бочелли дуулна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Андреа Бочелли

Италийн алдартай дуурийн дуучин Андреа Бочелли 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) нээлтийн ёслолын ажиллагаанд ая дуугаа өргөхөөр болжээ. Тэрээр тэмцээний нээлтийн анхны тоглолт болох Мексик болон Өмнөд Африкийн шигшээ багуудын тулааны өмнө тайзнаа гарах юм.

Нээлтийн ёслолын арга хэмжээнд Андреа Бочеллигоос гадна дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж буй дараах алдартай уран бүтээлчид оролцохоор болжээ:

  • Алдартай дижей, продюсер David Guetta;
  • Нэрт дуучин, хөгжмийн зохиолч EJAE;
  • Грэммийн шагналт реппер Megan Thee Stallion.

ДАШТ-2026 тэмцээний шинэ формат ба рекордууд

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь түүхэндээ хамгийн олон баг оролцож буй, асар том далайцтай арга хэмжээ болж байгаагаараа онцлог юм.

Тус тэмцээнд нийт 48 шигшээ баг оролцож байгаа бөгөөд тэдгээр нь тус бүр дөрвөн баг багтсан 12 хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. Зохион байгуулагч гурван улс болох АНУ, Канад, Мексикийн шигшээ багууд тэмцээнд шууд оролцох автомат эрх авсан бол үлдсэн багууд урьдчилсан шатнаас шалгарч иржээ.

Хэсгийн шатны тоглолтууд 6 дугаар сарын 11-нээс 27-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд багууд хэсэг дотроо тойргоор (баг бүр гурван тоглолт) тоглоно. Хэсэг бүрээс шилдэг хоёр баг шууд плей-оффт шалгарах бөгөөд тэдэн дээр хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн багуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй шилдэг найман баг нэмэгдэн дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авах аж.

Tэмцээний туршид нийт 104 тоглолт явагдах бөгөөд энэ нь хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх үнэмлэхүй дээд амжилт болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй