АНУ-ын “Time” сэтгүүл 2026 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 филантроп (буяны үйлстэн)-ийн жагсаалтыг нийтэд зарлалаа. Уг жагсаалтад Аргентины тамирчин Лионель Месси, дуучин Рианна, Шакира, жүжигчин Идрис Эльба болон найруулагч Стивен Спилберг нарын алдартнууд багтжээ.
Medee.news-ийн мэдээлснээр, “Elba Hope Foundation” санг ажиллуулдаг Идрис Эльба болон түүний гэргий Сабрина Даур Эльба нар “Манлайлагчид” ангилалд багтсан байна. Тэднийг “илүү гэрэлт ирээдүйн төлөөх алсын хараа”-г хэрэгжүүлж буйн төлөө ийнхүү үнэлсэн байна.
“Анхдагчид” ангилалд “өв уламжлалыг бий болгосон” хэмээн Мессиг, байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад санхүүгийн тусламж үзүүлсэн хэмээн Рианнаг тус тус нэрлэжээ. Мөн энэ ангилалд найруулагч Стивен Спилберг, түүний гэргий Кейт Кэпшоу нар буяны үйлсэд “бүтээлч чадавхаа үр дүнтэй ашигласан” гэх үндэслэлээр багтсан байна.
Харин эх орондоо буюу Колумб улсад сургууль барихад үнэтэй хувь нэмэр оруулсан дуучин Шакираг сэтгүүлийн редакцийн зүгээс “Шинэчлэгчид” хэсэгт онцолжээ.
Жагсаалтын “Аваргууд” ангилалд “Dell” компанийг үндэслэгч Майкл Делл болон түүний гэргий Сьюзен нарыг нэрлэсэн байна. Тэд АНУ-ын ирээдүйн 25 сая хөрөнгө оруулагчийг дэмжих ажилд 6.25 тэрбум ам.доллар хандивлах амлалт өгөөд байгаа юм.