Италийн Сицили арал дээр орших Европын хамгийн том бөгөөд идэвхтэй галт уул болох Этна дахин сэрж, халуун лааваа цацаж эхэллээ. Италийн Геофизик, Галт уул судлалын үндэсний хүрээлэн (INGV)-ээс мэдээлснээр, галт уулын Хойд-Зүүн кратерын бэлд буюу далайн түвшнээс дээш 3,000 орчим метрийн өндөрт шинэ хагарал үүссэн байна. Уг ан цаваас улайссн халуун хайлмаг Valle del Leone хөндийн чиглэлд урсаж байгаа бөгөөд зуурамтгай чанар ихтэй тул удаан хэдий ч тогтвортой урагшилж, замдаа таарах бүхнийг бүрхэн, хорт хий болон хайлсан чулуулгийг тасралтгүй ялгаруулсаар байна.
Үүний дараахан буюу 6-р сарын 27-ны баасан гарагт мөн ижил 3,000 орчим метрийн өндөрлөгт дахин нэг шинэ ан цав нээгдэж, тод улбар шар өнгийн лаав гадаргуу дээр оргилон гарчээ. Эрдэмтэд болон галт уул судлаачдын үзэж буйгаар, уг байгалийн үзэгдлийн цаашдын өрнөлийг урьдчилан нарийн тааварлах боломжгүй байна. Энэхүү идэвхжил нь Этна галт уулын Voragine кратерт илүү хүчтэй бөгөөд богино хугацааны пароксизм төрлийн дэлбэрэлтийг өдөөж болзошгүйг тэд анхаарууллаа. Гэхдээ нөхцөл байдал эсрэгээрээ эргэж, идэвхжил нь аажмаар намжсаар зөвхөн байгалийн сүрлэг харагдац болон үлдэх магадлал ч бий гэнэ.
Одоогийн байдлаар уулын бэлээс урсаж буй лаав нь хүн ам оршин суудаг суурин бүсүүдэд хүрээгүй тул нутгийн иргэдийн амь нас, эд хөрөнгөд шууд аюул заналхийлээгүй байна. Үүнтэй холбоотойгоор галт уулын ойролцоох тосгодын амьдрал хэвийн үргэлжилж, бүс нутгийн нисэх буудлууд ямар нэгэн сааталгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Хэдийгээр аюулгүй байдал хангагдсан ч албаныхан нөхцөл байдлыг цаг минут тутамд тандаж байна.
Байгалийн энэхүү ховор бөгөөд сүрлэг дүр зургийг дэргэдээс нь тольдон харахыг хүссэн жуулчид болон гэрэл зурагчдад зориулж мэргэжилтнүүд хамгийн тохиромжтой цэгүүдийг нэрлэжээ. Этна уулын зүүн энгэрт байрлах Acireale-ээс Taormina хүртэлх хотуудаас лаавын урсгал маш тод харагдаж байгаа бөгөөд дараах суурингуудаас ажиглах боломжтой аж:
- Milo тосгон
- Sant’Alfio бүс нутаг
- Giarre хотын орчим