Африкийн малчдын хэрэглэдэг үхрийн бөгсөн дээр нүд зурах арга нь махчин амьтдын халдлагад өртөх эрсдэлийг бууруулж болохыг эрдэмтдийн судалгаа харуулжээ. Ботсвана улсад дөрвөн жилийн хугацаанд хийсэн туршилтын үр дүнг Nature-ийн Communications Biology шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.
Судалгааны явцад бөгсөн дээрээ нүдний дүрстэй байсан 683 үнээний нэг нь ч араатанд бариулаагүй бол ямар нэгэн тэмдэглэгээгүй үнээнүүдийн дунд халдлагад өртсөн тохиолдол бүртгэгджээ.
Дөрвөн жилийн турш 2061 үнээний дунд туршилт хийжээ
Эрдэмтэд Ботсвана улсын 14 сүргийн нийт 2061 толгой үхрийг судалгаанд хамруулж, махчин амьтдын халдлагаас хамгаалах тэмдэглэгээний үр нөлөөг харьцуулсан байна.
Туршилтад оролцсон 683 үнээний бөгсөн дээр нүдний дүрс зуржээ. Харин бусад үнээнүүдийг харьцуулах зорилгоор хоёр хэсэгт хувааж, нэг хэсгийнх нь биед огтлолцсон хоёр зураас зурсан бол үлдсэн 835 үнээнд ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй аж.
Судалгаанд хамрагдсан үхрүүд өдрийн цагаар махчин амьтдын халдлагад өртөх эрсдэл ойролцоо бэлчээрт идээшилж байсан бөгөөд өөр өөр тэмдэглэгээтэй амьтад нэг сүрэгт холилдон бэлчиж байжээ.
Нүд зурсан 683 үнээний нэг нь ч араатанд бариулаагүй байна
Дөрвөн жилийн ажиглалтын хугацаанд нүдний дүрстэй 683 үнээний дунд махчин амьтанд бариулсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин ямар нэгэн будаг, тэмдэглэгээгүй 835 үнээний 15 нь араатны халдлагад өртжээ. Мөн биедээ огтлолцсон хоёр зураастай үнээнүүдээс дөрөв нь махчин амьтанд бариулсан аж. Эдгээр үр дүн нь үхрийн бөгсөн дээр нүдтэй төстэй дүрс зурах нь араатны халдлагад өртөх магадлалыг бууруулах боломжтойг харуулж байна.
Судалгааг хийсэн эрдэмтэд туршилтад хамрагдсан бүх үнээ нэг нэгэнтэйгээ холилдон бэлчиж байсныг онцолжээ. Иймээс нүдний дүрстэй үнээнүүдийг тусад нь сүрэглүүлсэн тохиолдолд хамгаалах нөлөө нь хэвээр байх эсэхийг нэмж судлах шаардлагатай гэж үзсэн байна.
Өөрөөр хэлбэл, ажиглагдсан үр дүн нь тухайн туршилтын нөхцөлд хамаарах бөгөөд бүх сүргийн үхрийн бөгсөн дээр нүд зурсан үед махчин амьтдын халдлагаас ижил түвшинд хамгаалах эсэх нь одоогоор тодорхойгүй юм. Гэсэн ч Ботсванад хийсэн дөрвөн жилийн судалгаа нь мал сүргийг махчин амьтдаас хамгаалахад энгийн тэмдэглэгээ ашиглах аргын боломжийг харуулжээ.
Эх сурвалж: Smithsonian Magazine
