Өмнөд Солонгосын нэрт дуучин, реппер Psy (жинхэнэ нэр нь Пак Чэ Сан)-г бусдын нэр дээрх жороор сэтгэцэд нөлөөлөх эм хууль бусаар авч байсан хэргээр прокурорын газарт хүргэсэн байна. Энэ талаар Сөүл хотын цагдаагийн газрын мэдээллээс эш татан Korea Times хэвлэл мэдээллээ.
Хууль бус эмийн худалдан авалт ба баривчилгаа
“Gangnam Style” дуугаараа дэлхийд алдаршсан түүнийг 2022-2025 оны хооронд өөрийн менежер болон бусад гуравдагч этгээдүүдээр дамжуулан, итгэмжлэл ашиглаж “Ксанакс” болон “Стилнокс” зэрэг сэтгэцэд нөлөөлөх эмүүдийг авхуулж байсан хэрэгт буруутгаж байгаа юм. Эдгээр эмийн жорыг Пак Чэ Сан 2022-2025 оны хооронд Сөүлийн их сургуулийн эмнэлэгт эмчлүүлж байх хугацаанд нь бичиж өгч байжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, уг хэргийн хүрээнд тавдугаар сарын 29-ний өдөр нийт зургаан хүнийг баривчилсан бөгөөд тэдний дунд дуучин Psy, түүний менежер болон хууль бусаар жор бичиж өгсөн эмч нар багтсан байна. Тэднийг бүгдийг нь прокурорын газарт шилжүүлжээ.
Өмнөд Солонгосын хуулийн зохицуулалт
Өмнөд Солонгосын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжоор, зөвхөн эмчид биечлэн хандсан өвчтөн өөрөө л жороор олгох эмийг хүлээн авах эрхтэй байдаг. Энэхүү журмыг зөрчвөл нэг жил хүртэл хугацаагаар хорих ял оноох эсвэл 10 сая вон (6,590 ам.доллар)-оор торгох шийтгэл хүлээлгэдэг аж.
Эмийн тухай мэдээлэл: “Ксанакс” болон “Стилнокс” нь нойргүйдэл, түгшүүрийн хам шинж, сэтгэл гутралын үед хэрэглэдэг сэтгэцэд нөлөөлөх хүчтэй бэлдмэлүүд юм. Эдгээр эм нь донтолт үүсгэх өндөр эрсдэлтэй тул өвчтөнийг заавал биечлэн оношилж, эмчийн хяналт дор жор бичих шаардлагатай байдаг байна.
Дуучин Psy-ийн харьяалагддаг агентлагийн зүгээс цаашид хэргийг мөрдөн шалгах прокурорын газартай бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа амлажээ.