ХААН Банкны 35 жилийн ойн хүрээнд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулсан 18 хүртэлх насны 3х3 сагсан бөмбөгийн Улсын аварга шалгаруулах тэмцээний финалын шат Үндсний соёл амралтын хүрээлэнд өчигдөр өндөрлөлөө. Бүс бүрээс шалгарсан шилдэг эрэгтэй, эмэгтэй нийт 24 баг аваргын цомын төлөө өрсөлдсөнөөс хоёр ангилалд хоёуланд нь Нийслэлийн багууд тэргүүн байр эзэлж, аваргуудаар тодорлоо.
Эрэгтэйчүүдийн ангилалд нийслэлийн “Чингэлтэй Triton” баг тэргүүн байр эзэлж аваргын цом хүртсэн бол Дархан хотын “One team” болон “Дайчид” багууд удаах байруудад шалгарлаа. Харин эмэгтэйчүүдийн ангилалд нийслэлийн “Royal Pirates” баг түрүүлж, Орхон аймгийн “5-р сургууль” болон Сэлэнгэ аймгийн “Ерөө U17” багууд хоёр, гуравдугаар байрыг эзэлсэн байна. Финалын шатанд аваргын цомын эзэн болсон баг тус бүр 10 сая, хоёрдугаар байрын баг 8 сая, гуравдугаар байрын баг 6 сая төгрөгийн шагнал хүртлээ.

Тэмцээний цар хүрээ ба спортын дэмжлэг
Улсын хэмжээнд хоёр мянга гаруй хүүхэд хамрагдсан энэхүү тэмцээний бүсийн аваргын шатанд аймаг, орон нутгаас шалгарсан 96 багийн 380 гаруй тамирчин өрсөлдсөн юм. Мөн тэмцээний хүрээнд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос багш, дасгалжуулагч, шүүгчдийг мэргэшүүлэх сургалтыг анх удаа зохион байгуулж, оролцогчдод мэргэжлийн сертификат олгосон нь онцлог байв.
ХААН Банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2021 онд 21 аймаг, сумууд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайгуудыг байгуулснаас гадна 2015 оноос NBA-ийн шууд дамжуулалт, Оюутны лиг болон Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “ХААН шонхрууд” багийг тогтвортой ивээн тэтгэж, сагсан бөмбөгийн спортыг дэмжсээр байна.

2 comments
3х3 сагс үнэхээр сонирхолтой болж байгаа шүү
Бүх багууддаа амжилт хүсье, гоё тэмцээн боллоо