Шатахууны хомсдол, инфляц өссөн үед УИХ-ын бүлгүүд хуралдаж, шийдэлд хүрч чадсангүй

0 comments
УИХ-ын бүлгүүд ээлжит бусаар хуралдаж шийдэлд хүрч чадсангүй

Өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, инфляц 13 хувьд хүрсэн болон шатахууны хомсдол үүссэн энэ үед УИХ-д суудалтай хоёр том намын бүлэг ээлжит бусаар хуралдан нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцсэн ч дорвитой шийдэлд хүрч чадсангүй. УИХ-ын зуны чуулган завсарласан бөгөөд намуудын бүлэг ирэх есдүгээр сарын 15-нд эхлэх намрын ээлжит чуулганыг хүлээхээр болоод байна.

Сөрөг хүчний шаардлага ба төсвийн тодотгол

УИХ дахь АН-ын бүлэг наймдугаар сарын 20-нд ээлжит бусаар хуралдаж, “Иргэдийн орлогыг хамгаалах, шатахуун, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Сөрөг хүчний зүгээс 2026 оны төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэх зорилгоор ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардсан боловч эрх баригч тал уг шаардлагыг хүлээж аваагүй юм.

Эрх баригч намын бүлгийн ирц ба Засгийн газрын байр суурь

Эрх баригч намын бүлэг наймдугаар сарын 25-ны өдөр Их тэнгэрт ээлжит бусаар хуралдаж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар зөвлөлдсөн ч бүлгийн 64 гишүүнээс ерөнхийдөө 34 гишүүн хүрэлцэн ирсэн тул тодорхой шийдвэрт хүрч чадаагүй байна. Гэсэн хэдий ч тус бүлгийн гишүүд Засгийн газраа тогтвортой ажиллуулах асуудал дээр 100 хувь санал нэгджээ.

Эрх баригч намын зүгээс намрын ээлжит чуулган эхлэх дөхсөн тул ээлжит бус чуулган зарлах шаардлагагүй гэх байр суурийг баримталж байна. Гэвч гадаад, дотоод нөхцөл байдлаас шалтгаалан өдөр бүр нэмэгдэж буй өргөн хэрэглээний барааны үнэ, шатахууны хомсдол нь иргэдийн худалдан авах чадварыг сулруулж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй